|

Ц.Ганчимэг: Эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл давамгайлах хандлагатай байна

nomun 2021/11/15 346 0

 

Ц.Ганчимэг: Эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл давамгайлах хандлагатай байна


Аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ц.Ганчимэгтэй ярилцлаа.

-Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хичнээн хэрэг, зөрчил бүртгэгдэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн оны 10 дугаар сард 222 зөрчил бүртгэгдсэн бол энэ оны байдлаар 129 зөрчил үйлдэгдэж 41.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны 9 сард 4, 10 сард 5 гэмт хэрэг бүртгэгдэж нэг сарын хугацаанд 25 хувиар өссөн байна. Тухайн гэмт хэргийг жилээр нь харвал 2020 оны эхний 10 сард 14, 2021 оны мөн үед 27 гэмт хэрэг бүртгэгдэж 92,9 хувиар өссөн статистик үзүүлэлттэй байна. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Үүнийгээ дагаад хүүхдүүд дам хохирогч болж байна.

-Хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн судалгааг харж байсан.

- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм үйлдэл гаргадаг хүмүүс бий. Гэхдээ сүүлийн үед эрүүл үедээ ч согтуу хүн шиг өөрийгөө хянах чадваргүй болтлоо уурлаж, бухимдаж хүчирхийлэл үйлдэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Хүмүүс их ууртай болж. Энэ нь хувь хүний хүмүүжил, төлөвшилтэй холбоотой байх. Зарим нь согтуу хүнээс огт ялгагдахгүй болтлоо хяналтаа алдсан байдаг. Аливаа асуудлыг хүчээр шийдэх нь үргэлж сөрөг үр дагавар бий болгодгийг ойлгох хэрэгтэй.

-Та ярилцлага эхлэхийн өмнө хүчирхийлэлтэй холбоотой зөрчил, хэргийн тоог нягтлахдаа жилд дунджаар 200 гаруй хүн энэ хэрэгт холбогдож байхад дахин давтан хүчирхийлэл үйлдсэн 4 тохиолдол, бусад нь шинэ хүмүүс байсан гэж дурдсан. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэж буй хүмүүс нэмэгдэж байна гэсэн үг үү?

-Бид жил бүр тухайн онд тэдэн хүн хүчирхийлэл үйлджээ гээд тоон мэдээлэл гаргадаг. Энэ дотроосоо судалгаа хийхэд хэдэн хүн нь дахин давтан хүчирхийлэл үйлдсэн бэ гэдгийг нь нягталдаг. Ингэхэд хамгийн ихдээ л дөрвөн хүн байх жишээтэй. Бусад нь шинэ хүмүүс байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Иймд бид хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч, дам хохирогч гээд аль алинд нь сэтгэл зүй, зан байдалд нь нөлөөлөх сургалт явуулдаг. Албадан сургалт ч ордог. Үүний үр дүн эерэгээр гарч байгаа тохиолдол ч цөөнгүй байна.

-Хүчирхийлэл үйлдсэн бол 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг. Харин албадан сургалтад хэдэн удаа хамруулдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагаж гарсан журмууд байдаг. Үүнд 10-56 цагийн зан үйлд нөлөөлөх сургалт орох ёстой гэж заасан байдаг. Тухайн зөрчил гаргасан этгээд шүүхийн шийдвэрээр хэд хоног баривчлах, хэдэн цагийн сургалт орохыг үйлдсэн зөрчлийн хэр хэмжээнээс нь хамааран тогтоодог. Жишээ нь 30 хоногийн хугацаанаар баривчлагдсан хүмүүжигчид дээд тал нь25 цагийн сургалт орохыг Цагдаагийн газарт даалгасаны дагуу зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг ордог.

-Хүчирхийлэл үйлдэгчдийн тоо буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ? Хууль журмандаа юу хүмүүсийн зан төлөв, хүмүүжилтэй нь уу эсвэл архи уу?

-Урьдчилан сэргийлэх зорилгоор бид гарсан зөрчлүүд дээр хуулийн хүрээнд ажиллаж байна. Гэхдээ гарсаных нь дараа шийдвэрлэж явах бус, энэ хэргийг анхнаас нь гаргахгүй байх талаас нь ажиллах хэрэгтэй. Тэгэхийн тулд Нэгдүгээрт, нийгмийг соён гэгээрүүлэх, гэр бүлүүдэд нөлөөлөх сургалт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах. Хоёрдугаарт, боловсролын системдээ өөрчлөлт хийж, хүүхдүүдэд багаас нь гэр бүлийн боловсролыг эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгж байж л үр дүнд хүрэх байх. Эцсийн дүндээ хувь хүний суурь хүмүүжил, гэр бүлийн боловсролтой холбоотой байдаг. Бас тухайн орон нутгийн онцлог ялгаа гэр бүлийн амьдралын хэв маягт нөлөөлж байна. Жишээ нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэр бүлүүдэд тулгамддаг зарим асуудлыг харахад, эдийн засгийн хүчирхийлэл илүү давамгайлдаг. Би чамайг тэжээж байхад, би ганцаараа ажил хийж байхад гэх зэргээр эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг. Мөн өдөр, шөнийн ээлжийн ажилтай гэр бүлийн гишүүд нэгнийгээ хардах, хууран мэхэлснээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил бүртгэгддэг.

- Гэрч, хохирогчийг түр хамгаалах байрны барилгын ажил нь эхэлсэн санагдаж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ирэх жилдээ л ашиглалтад орох байх. Одоогоор "Хамтарсан баг” өөрсдийн хүрээнд асуудлаа шийдвэрлэж байгаа. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд Цагдаа, Хэсгийн байцаагч, Өрхийн эмч, Багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, Халамжийн мэргэжилтэн, төрийн бус байгууллага гээд олон байгууллагын хамтарсан баг ажилладаг. Засаг даргаар ахлуулсан энэ "Хамтарсан баг” нөхцөл байдлыг үнэлж үүнийг нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болгодог юм. Иймд Хамтарсан багийн гишүүд тус бүрдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүдийг илрүүлэх, тэднийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй. Мөн гэр бүлийн боловсрол, сэтгэл зүй эерэг хандлагын талаар сургалт семинарыг байнга өгөх хэрэгтэй. Нийгмийг соён гэгээрүүлж байж хүчирхийлэл багасна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэр бүлтэй ажиллахад багагүй цаг хугацаа зарцуулдаг. Үүний сайн жишээ гэвэл Оюут багийн "Хамтарсан баг” архины хамааралтай хоёр гэр бүлтэй нэг жилийн турш ажиллаж архинаас гаргаж ажилд зуучилж өгсөн. Одоо сайхан амьдарцгааж байна. Үүнийг л үр дүн гэж хэлнэ. Тиймээс аль аль талдаа хичээх хэрэгтэй байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top