|

Д.Трамп: Энэ оны эцэс гэхэд бид Хятад вирусийг устгах аюулгүй, үр дүнтэй вакцинтай болно

nomun 2020/09/11 610 0

 

Д.Трамп: Энэ оны эцэс гэхэд бид Хятад вирусийг устгах аюулгүй, үр дүнтэй вакцинтай болно

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн эсрэг Америкийн вакцин тун удахгүй бэлэн болно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр Мичиган мужид сонгогчидтойгоо хийсэн уулзалтын үеэр "Энэ оны эцэс гэхэд бид аюулгүй, үр дүнтэй вакцинтай болно. Бид Хятад вирусийг ялан дийлнэ" гэж хэлжээ. 

АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас ирэх 11 сарын эхээр "COVID-19"-ийн вакцин бэлэн болно гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Үүний дараа Америкийн хэвлэлүүдээр Дональд Трамп тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө коронавирусийн эсрэг вакциныг гарган авч иргэдийг вакцинжуулахаар зэхэж байна гэх мэдээлэл тархаад буй.   

Америкийн эрх баригчид Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран вакцин боловсруулж буй Англи-Шведийн эмийн үйлдвэр AstraZeneca-д 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Вашингтоны засаг захиргаа COVID-19-ийн эсрэг вакцин гаргахаар туршилт хийж буй Америкийн биотехнологийн Moderna компанид 486 сая ам.доллар, Johnson& Johnson компанид 456 сая ам.доллар хуваарилжээ.  

АНУ-ын засаг захиргаа коронавирусийн эсрэг вакцин гарган авах төсөлд одоогийн байдлаар нийтдээ 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Цагаан ордноос мэдээлэв. 

11 дүгээр сарын эхний мягмар гарагт АНУ-ын 59 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд америкчууд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгнө. Ийнхүү Дональд Трамп сонгуулийн өмнө вакциныг гарган авахын тулд вакцин зохион бүтээгчдэд шахалт үзүүлж байна хэмээн Америкийн хэвлэлүүдэд бичжээ.   

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хоёрдугаар сард анх эхлэх үед Трампын рейтинг өндөр байсан ч дөрөвдүгээр сарын эхэн буюу тус улсад коронавирусийн халдвар дэгдэж эхэлсэн үеэс унаж эхэлсэн. Тэгвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байденээс найман хувийн саналаар доогуур байна.   

Дональд Трампын рейтинг унах болсон гол шалтгаан нь коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй буруу бодлого, халдварын тархалтыг тогтоож чадахгүй, үхлийн тоо нэмэгдсээр байгаа байдал, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн уналт, ажилгүйдлийн өсөлт болон хар арьст залуу Жорж Флойдын үхлээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал юм. 

Эх сурвалж: ТАСС


Санал болгох

Сэтгэгдэл

top