|

Австрали, ӨАБНУ хорио цээрийн дэглэмээ сулруулж байна

nomun 2020/05/04 467 0

Австрали, ӨАБНУ хорио цээрийн дэглэмээ сулруулж байна

 


ЛОНДОН. /BBC/. Дэлхий дахинд коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 сая даваад байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ тоонд "Covid-19”-өөр халдварлахдаа хөнгөн хэлбэрээр илэрсэн эсвэл шинж тэмдэггүй байсны улмаас шинжилгээнд хамрагдаагүй өвчтөнүүдийн тоо орохгүй юм. Халдвар авсан хүний тоо улам нэмэгдээд байгаа хэдий ч зарим орон хязгаарлалтаа сулруулж эхлээд байгаа бол зарим нь хязгаарлалтаа сулруулахад бэлтгэж байна.

Австралийн эрх баригчид баасан гарагт Умард нутгаас эхлэн хорио цээрийн арга хэмжээгээ цуцалж эхлээд байгаа аж.

Австралийн нутаг дэвсгэрээрээ хоёрдугаар томд тооцогдох Квинсленд мужид өнгөрсөн хоногт коронавирусний халдварын тохиолдол шинээр илрээгүй нь сүүлийн сар гаруйн хугацаан дахь анхны тохиолдол болжээ. Тус мужийн захирагч Анастасия Палащук хилээ нээж, Үндэсний рэгбигийн холбооны багуудад 5 дугаар сарын 28-нд болох тоглолтын өмнөх бэлтгэл сургуулилтаа эхлүүлэхийг зөвшөөрчээ.

Шинэ Өмнөд Вэльс мужид мөн Австралийн бусад дүүрэг рүү нэвтрэх эрхэд тавьсан хязгаарлалтаа цуцалж байгаа аж. Өөрийгөө тусгаарлах дүрэм журмыг сулруулах тухай шийдвэрийг Австралийн эрх баригчид 5 дугаар сарын 11-нд гаргахаар төлөвлөжээ. Хорио цээрийн дэглэмийг чанд сахисны хүчинд үүнтэй холбоотой шийдвэрийг долоо хоногийн дараа гэхэд ч гаргаж магадгүй байна хэмээн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна. 

ӨАБНУ, БНХАУ хязгаарлалтуудаа цуцалж байна

Өмнөд Африкт хөл хорионы арга хэмжээг цуцалснаар иргэд гудамжинд гарч, зарим худалдааны цэгүүд, хүргэлтийн зоогийн газрууд нээгдэж байна. Гэсэн хэдий ч архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон хэвээр байгаагаас гадна шөнийн цагаар хөл хорионы дэглэм хүчинтэй хэвээр байх аж.

Тавдугаар сарын 1-нээс 5 хүртэл баяр амралтын өдрүүд тохиож буй БНХАУ мөн хорио цээрийн дэглэмээ хэсэгчлэн цуцлахад бэлдэж байна. Цар тахал дэгдэж эхэлсэн Хубэй мужид 4 дүгээр сараас хойш коронавирусний халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй тухай "Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Хөл хориог хэсэгчлэн цуцалж буй улс орнуудад Пакистан багтаж байна. Тус улсын парламентын доод танхимын дарга Файзал Эдхи коронавирусний халдвар авсан юм. Энэ долоо хоногт тэрбээр Рамаданыг тохиолдуулсан ёслолын арга хэмжээнд оролцож, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан болон бусад өндөр дээд албан тушаалтантай уулзжээ.

Вирус Уханий лабораториос тархсан гэх нотолгоог харсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн хэдий ч энэ талаар тэрбээр өөр тайлбар өгөөгүй байна. Харин Америкийн тагнуулын газар уг вирусийг Ухань хотын лабораторид бий болоогүй гэсэн эсрэг дүгнэлтийг гаргажээ. 

Хүмүүс нэгдэж чадсангүй

Дэлхий дахин коронавирусний тархалтад ямар хариу үйлдэл үзүүлсэнд гайхах зүйл байгаагүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "BBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

"Харамсалтай нь, хүмүүс нэгдэж чадсангүй. Улс орон бүр өөр өөрийн бодлогыг баримталж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусний халдвар авсан гэдэг нь пүрэв гарагт тодорхой болжээ. Тэрбээр өөрийгөө тусгаарлаж байгаа юм. ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 7933 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварлагсдын тоо 114431 болсон юм.

Харин энэ үед Хятадын автомашин үйлдвэрлэгчид "вирусний эсрэг үйлдэлтэй” гэгдэх автомашинуудыг үйлдвэрлэх болжээ.

Тухайлбал, "Geely” компани "эрүүл автомашин” төслийнхөө хүрээнд эмгэг төрүүлэгч ширхэг ч тоосонцрыг үл нэвтрүүлэх үйлдлийг бэлэн болсон машинууддаа суулгаж эхлээд байна. 

Харин "SAIC” компани машины агааржуулагчаар дамжиж буй агаарыг цэвэршүүлэх зорилгоор хэт ягаан туяаны чийдэнг машин дотроо нэмжээ. Иймэрхүү аргууд хэр үр дүнтэй байх нь одоогоор тодорхойгүй байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top