Улсын хэмжээнд тарваган тахал өвчин дэлгэрэх эрсдэлтэй байгаа билээ. Тэгвэл өчигдөр ЗӨСҮТ-өөс Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай эрэгтэй хүүхэд уг тахлын улмаас амиа алдсаныг мэдээлжээ.
Амиа алдсан хүү долоодугаар сарын 12-нд тарвага өвчсөн бөгөөд долоодугаар сарын 14-нд өндөр халуурч, баруун суганы булчирхай цочиж, албадмал байдалд орсон байдалтайгаар долоодугаар сарын 18-нд сумын эмнэлэгт хэвтжээ.
Тэрбээр эмнэлэгт хэвтэж байгаад долоодугаар сарын 21-ний 03.00 цагт нас барсан ба эмгэг судлалын шинжилгээ хийгдэж байгаа юм байна. Одоогоор сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, I хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа аж.