Удахгүй бид өөрсдийнхөө өмнөөс төр төлөөлөх дараагийн түшээдийг сонгоно. Энэ мөч ойртох тусам сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болох сонирхолтой сэрүүн зүүдэлж, хоосон мөрөөдөж яваа горилогчид хэдэн мянгаараа төрсөөр байна. Сонин юм шүү, гурван сая гаруй хүнтэй улсад улс төр сонирхдог, хэн нэг эрх мэдэлтний цай, цүнхийг зөөж яваагаа албан тушаалд хүрэх гишгүүр хэмээн сэтгэдэг хэдэн мянган хүн байна гэхээр бид улс төрийн асар өндөр "боловсролтой” ч юм шиг. Ачир дээрээ улс төрийн өндөр албан тушаалд хүрч байж, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ, олигарх болно гэсэн ядмаг сэтгэхүй л тэдэнд ноёлдог нь үнэн. Ямар ч үнэ цэнээр хамаагүй улс төрд орох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл өдөр ирэх тусам хүрээгээ тэлэх болжээ. Тулхтай төрийн хар хүн гэдэг ойлголт улам бүр алсарсан цаг хугацааг бид туулж байна.
"Манай тойргоос сонгогдсон тэр л бидний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа даа” гэхээр түшээг энэ парламент дотроос эрээд олохгүй. Өмнөх, түүний өмнөх парламентын үед ч тийм байв. "1992-1996 оны УИХ бүх талын боловсрол, мэдлэгтэй, төр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж асан хүмүүс байжээ” гэж зарим улстөрч хэлдэг. Үнэхээр 1996 оноос хойших зургаан удаагийн парламентад эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чадсан улстөрч хэд байсан бол. Ердөө гуравхан сарын дараа парламентын сонгууль болно. Тоглоомын дүрэм буюу хууль тодорхой болсон учраас сонгуульд бие дааж оролцохоос илүүтэй намууд эвсэл болж эвсэж, хүч үзэх нь ашигтай гэж улс төрд олон жил явсан хашир "бурхи”-нууд үзсэн бололтой.
Тиймдээ ч эвсэж, хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд хэдийн ханцуй шамлан оржээ. Энэ жил дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн тархалт 190 орчим улсад гарч, манай орон ч хөл хорио тогтоогоод буй. Үүнээс үүдэж, улстөрчдийн хаврын синдром намжиж, Төв талбайд жагсах, олон нийтийг турхирах, улс төрийн элдэв акц зохион байгуулах ажил хумигдсан. Тиймээс улс төрийн намуудын яриа хэлцэл нам жим өрнөжээ.
Энэ удаад төрөөд буй дараагийн МАНАН эвсэл нэрээр ийн нэгдсэн ч, эрх мэдэл, зангарагаараа өмнөхдөө дөхөж ойчихгүй нь боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс нь тодорхой харагдана.