|

Х.Мөнхбаатар начны найраа хийсэн үү

munkhod 2015/07/22 683 0

Найраагүй наадам байхаа больжээ гэх. Гэхдээ хэн найраа хийж начин "төрүүлж” байгааг нүдээр харсан баримт байх биш бөх сонирхогчид үнэн, худал нь мэдэгдэхгүй баахан юм яриад л өнгөрдөг. Жил бүрийн наадмаар л энэ асуудал сөхөгддөг. Тэр нутгийн тэр залуу найрааны начин, мөнгөний бөх гээд л. Үнэн ч бай, худал ч бай тэгж хэлүүлсэн хүнд ямар олиг байв гэж дээ.  Сүүлийн үед найрааны арга нарийссан юм байх аа. Энэ жилийн наадмаар долоон шинэ начин улсын цолтны эгнээнд багтсан. Бүгд үнэн хүчийг үзүүлж, урамтай сайхан барилдлаа гэхээс илүү нөгөө л найрааны асуудал яригдаж эхлэв. Нутаг, усныхаа нэрийг дуудуулж начин цол хүртэхэд нь наадамчин олон бүгд л баярлаж байсан. Гэвч зарим нэгэн улсын цолтой бөхчүүд "мөнгөнд яваад өглөө” гэх яриа наадмын дараагаас салхи мэт дэгдэж эхлэв.

Өчигдрөөс "Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат "Хилчин” спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын нэгэн зураг цахим сүлжээгээр цацагдав. Хэн нэгэн бөх сонирхогч наадмын бичлэг үзэж байгаад энэ үйл явдлыг анзаарсан бололтой. Засуулын утсаар ярьж буй Х.Мөнхбаатар арслангийн зураг "начин цолны найраа хийж буй нь” гэсэн тайлбартайгаар Бөх сонирхогчдын группт тавигджээ. Сайн, муу бүхнийг шүүмжилж суудаг цахим ертөнцийнхөн өнөөх зурганд элдэв тайлбар өгч, найрааны мөнгийг нь хүртэл "тоолж” байв. Х.Мөнхбаатар арслан энэ жилийн наадамд тавын даваанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн арслан Болдбаатарын Батжаргалыг амлаж барилдсан ч төд удалгүй өвдөг шороодсоныг бөх үзсэн хүн бүр мэдэж буй. Сүхбаатар аймгаас 14 жилийн дараа улсын начин цолтон төрж байхад сүхбаатарчууд бүгд л баярлаж байсан нь мэдээж. Гэвч дараа нь найрааны асуудал яригдаад ирэхээр нутаг, усныханд нь ямар байх бол.

Тэгээд ч арслан Х.Мөнхбаатарыг начны найраа хийсэн үү, үгүй юу гэдгийг батлах хүн түүний дэргэд байгаа засуул, утсаар ярьсан хүн хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Үнэхээр найраа хийж утсаар ярьсан уу эсвэл зайлшгүй утсаар ярих чухал асуудал гараад ярьсан уу гэдэгт Х.Мөнхбаатар арслан өөрөө тайлбар хийх биз ээ. Ямартай ч наадам бүрийн дараа яригддаг найрааны асуудалд улсын цолтонгуудын нэр эхнээсээ дуулдаж эхэллээ.

Ер нь тэгээд найраатай ч, найраагүй ч наадмаас монголчууд зугтаж чадах биш дээ. Дэмжсэн ч, муулсан ч бөхөө үзсээр ирсэн ард түмэн шүү дээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top