ОУХХ-ны тэргүүн Зепп Блаттер авлига, хээл хахуулийн хэрэгт сэрдэгдээд багагүй хугцаа өнгөрч буй. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл түүнийг мөнгө идсэн уусан гэдгийг батлаагүй төдийгүй, тэрбээр албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байгаа юм. Харин өчигдөр ОУХХ-ны ээлжит хурлын үеэр Зепп Блаттер руу нэгэн этгээд боодолтой мөнгө цацаж шуугиан дэгдээгээд байна.
Мөнгө цацсан этгээд Блаттерыг их хэмжээний авлига авсан, бусдын нөлөөнд автаж мөнгөнд живсэн гэж зааланд цугласан сэтгүүлчдийн өмнө үг хэлсний дараа Блаттер руу боодолтой мөнгө шиджээ. Энэ явдал Блаттерыг нэлээд нервтүүлсэн бололтой тэрбээр хэсэг хугацаанд индэрт гарч үг хэлэхээр завдсан ч юу ярихаа мэдэхгүй хэсэг самгардсан байна. ОУХХ-ны нэр бүхий 8 албан тушаалтныг Швейцарийн Цюрих хотоос АНУ-ын Хууль зүйн яамны ажилтнууд шуурхайлан баривчилж, тэднийг мөнгө угаасан, хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах орнуудтай үгсэн тохиролцож, луйвраар сонгон шалгаруулалт явуулсан баримт байгаа хэмээн холбогдох хуулийнхан үзэж буй юм. Үүнийг дагаад Зепп Блаттерын албан тушаал ч нэлээд ганхаж эхэлсэн байна. Одоо түүнийг хуулийн байгууллагынхан шалгаж, мөнгө угаасан хэрэгт холбоотой эсэхийг нь тодруулахаар ажиллаж байна.