|

Утаснаасаа салдаггүй хүүгээ Монгол руу мотоциклтой аялалд авч явжээ

mart 2020/01/03 1461 0

Канад улсын иргэн Жэйми Кларк утаснаасаа салдаггүй 18 настай хүүгээ аялалд авч явахаар шийджээ. Түүний сонголт нь олон жилийн турш мотоциклтой аялахыг мөрөөдөж явсан Монгол улс байлаа.  

Кларк бол бүх насаараа цанаар гулгасан туршлагатай цаначин, ууланд авирагч, адал явдалд дурлагч нэгэн. Тэрбээр, үргэлж л утсаа оролддог Кобе хүүтэйгээ харилцаа холбоогүй болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байжээ. Хүүгийнхээ эл байдалд заримдаа өөрийгөө буруутгадаг байсан гэнэ. Учир нь, тэр хүүгээ бага байхад нь хамтдаа видео тоглоом тоглон цагийг өнгөрүүлдэг байсан аж. Энэ талаар Кларк "BBC”-д өгсөн ярилцлагадаа "Утсандаа донтох үзэгдлийн суурийг нэг талаар эцэг эхчүүд тавьдаг. Ухаалаг төхөөрөмжүүд гайхалтай ч сүүлийн үед технологи биднийг удирдаж эхэлсэн” гэж ярьсан байна.

Кларкын хувьд байгалийн үзэсгэлэнт газар, ганцаараа байх орон зай, өөрийнхөө замаар адал явдлыг эрэлхийлэх мэдрэмжид дуртай. Харин хүүгийнх нь хувьд ганцаараа байна гэдэг яг л эмгэнэлт зохиол дээр гардаг шиг түгшүүртэй санагддаг. 

Кларк Монгол орныг мотоциклоор хөндлөн гулд туулахыг олон жилийн турш мөрөөдөж ирсэн тул том болсон хүүгээ дагуулж тал нутгийг зорихоор шийджээ. Хүүдээ жилийн өмнө хамт аялах санал тавихад тэр шууд "Үгүй” гэж хариулсан ч сүүлдээ зөвшөөрсөн байна.

Анх удаа аялалд гарахаар шийдсэн Кобе мотоцикл унах зөвшөөрлөө аваад аавтайгаа хамт бэлтгэлээ хангаж эхэлжээ. Аав нь хоёр ч удаа Эверестийн оргилд гарч байсан туршлагатай бол хүүд нь ямар ч туршлага байхгүй. Тэд газрын зургаа аваад л хамтдаа адал явдлыг бүтээхээр аяллаа эхлүүлсэн байна. Аав, хүү хоёр долдугаар сарын  28-нд хөдөлж, дараачийн хэдэн сар Монголын нутгаар хөндлөн гулд 2,200 км замыг туулсан байна. Замдаа мотоцикл, морь, тэмээ гээд бүгдийг нь ээлжлэн унасан гэнэ. Тэр хоёр олон гайхалтай зураг даруулж явсан ч гэртээ эргэж ирэх хүртлээ цахим ертөнцөд ямар ч зураг оруулаагүй байна. 

Кобегийн хувьд утаснаасаа хол байх нь хамгийн том сорилт байжээ. Тэр уйдахаараа "Netflix”-ээс кино үзэж, инстаграмаар хэсдэг байсан бол аяллын явцад байгалийн сайхныг нүдээрээ харж, биширч явсан байна. Аавтайгаа хамт хоол хийж, ярилцаж, майханд хонож илүү их холбоо тогтоосон явдал нь хамгийн их үнэ цэнэтэй санагдсан гэнэ.   

Харин Кларк "Энэхүү аялал Кобег өөр өнцгөөс харахад минь тусалсан. Би түүнийг жаахан хүүхэд биш үзэл бодолтой, өсөж яваа залуу хүн болсныг ойлгосон. Бүхнийг хэчнээн сайн зохицуулах, бэрхшээлийг даван туулах чадвартайг нь харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Аав, хүү хоёрын аялал саяхан дууссан. Үүний дараа Кобе технологийн үнэ цэнийг ойлгохын хажуугаар хамгийн гол нь хэрхэн өөрт ашигтайгаар зохистой хэрэглэх талаар бүрэн ойлголттой болжээ. Тэд аяллаас олж авсан туршлагаа амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж байна хэмээн ярьсан байна. 

Та утсаа удирдах эсвэл удирдуулах эсэхийг шийдэх цорын ганц хүн юм шүү.


https://www.yolo.mn/z/4592

Санал болгох

Сэтгэгдэл

top