|

У.Хүрэлсүх "хөл" -өө цэвэрлэж эхлэв үү!

saikhnaa 2019/12/13 506 0

"Тос дотроосоо өтдөг шиг төр өтсөн. Тиймээс төрийн цэвэрлэгээ эхэлснийг албан ёсоор хэлье. Дээр нь бас намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна”. МАН-ын дарга У.Хүрэлсүх ингэж мэдэгдэж байснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон ч үйл явдал өрнөсөн. Тэрбээр хотын дарга Су.Батболдыг огцруулж, УИХ-ын даргаас М.Энхболдыг буулгаж авсан юм.

Түүний их цэвэрлэгээ өнөө ч үргэлжилж байгаа бололтой, сонгуулийн өмнө МАН-ын анхан, дунд шатны байгууллагаа шинэчлэх ажлаа Чингэлтэй дүүргийн намын хорооноос эхлүүлж байна.

Өнгөрсөн сард МАН-ын Хяналтын хорооноос Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, тус дүүргийн ИХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг намын Бага хурлын гишүүнээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Бага хурлын гишүүнээс түдгэлзүүлж шийдвэрээ МАН-ын Хяналтын хорооныхон ” Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ нар нь намын тогтоол шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй” гэж тайлбарласан. Хариуд нь Д.Ганболд "Нэртэйгээр нь намаас хөөчих” гэж тунирхаж байсан нь сар хүрэхгүйн өмнөх үйл явдал.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо цөөн хэдэн хүний хувийн компани шиг болоод удаж байгаа, тиймээс хариуцлага тооцохыг тус хорооны 60 гаруй гишүүн Хяналтын хороондоо хандаж шаардлага хүргүүлсэн байдаг. Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ нар нь тус хороог олон жил "өмчилж” ирснийг эсэргүүцэж, тэднийг залуу боловсон хүчнээр солих ёстой гэж жирийн гишүүд нь үзэж байгаа юм байна. УИХ-ын гишүүн Д.Ганболд гэхэд л 2009 оноос эхлэн нийтдээ 10 жил Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар тасралтгүй ажиллаж иржээ.

Чингэлтэй дүүргийн намын хорооны удирдлагууд сүүлийн үед ерөнхийдөө барцад ихтэй байгаа. "Бурхан долоон одны тахилга” арга хэмжээ зохион байгуулсан нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан. Д.Ганболдын хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар анх удаа Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон. Тэгвэл Д.Батмөнх нь 2016 оноос Дүүргийнхээ ИХ-ын даргаар ажиллаж байгаа, өмнө нь Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн төгссөн гэх диплом нь хуурамч болох нь тогтоогдсон тул Авлигын эсрэг хуульд заасны дагуу ажлаасаа халагдаж байсан удаатай. Ийнхүү толгойгоо цэвэрлэсэн МАН сонгууль угтаж хөлөө угааж эхлэв бололтой.

http://amjilt.news/29511?fbclid=IwAR1KfqSWu1GVj8yMy4nqEwC6fkij8pyAvYie-fbt-M8l9F929FK7VN_R8Kk

Санал болгох

Сэтгэгдэл

top