|

Орхоны Засаг ноён, "боевик" Д.Батлутаас байр авахсан, иргэд минь

zulaa 2019/10/18 662 0

 

Орхоны Засаг ноён, "боевик" Д.Батлутаас байр авахсан, иргэд минь

 

Иргэд орон сууцанд амьдрахын тулд өдрийн бодол, шөнийн зүүд болж, энэ насандаа хүрэх чухал зорилтуудынхаа нэгд жагсаадаг. Харамсалтай нь, өнөөгийн Монголын нөхцөлд идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүү гаргаж дөнгөхгүй явна. Гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд оруулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилго Засгийн газарт байгаагийн зэрэгцээ иргэдэд ч амьдрах орчноо сайжруулах хүсэл туйлаас их. Иргэдийн хүсэл, Засгийн газрын хэтийн зорилго хоёр талаасаа нийцэх ч боломж хомс. Гэтэл Орхон аймагт халаасандаа улаан батлахтай Засаг ноёны нь ойр тойрныхон 3 өрөө орон сууцанд татвар төлөгчдийн мөнгөөр тарвалзаж байдаг дуулдана. Шулуухан хэлэхэд, улаан сарнай энгэртээ хатгасан эрхмүүд төрөөс орох орон, ойчих аягатай болж авдаг бичигдээгүй хуультай бололтой.

Өмнө нь Хөгжлийн банкны хөрөнгөөр хэсэг нөхөр хөлжиж хөл толгой дээрээ өндийж байсан бол Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал орон сууцны дэмжлэг нэрийдлээр 4 тэрбум төгрөг тараан шамшигдуулсан асуудал өдгөө ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгвэл бурхангүй газрын бумба галзуурах үлгэрээр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут "галзуурч” байгаа бололтой.

Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр найман гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлсэн юм байна. Найман айлаас нүдээ олсон нь 3 ихэр хүүхэдтэй Э.Одхүүгийнх гэдгийг орон нутгийнхан хэлж байна. Харин үлдсэн долоо нь Засаг ноёны тойрогт багтдаг нөхөд гэнэ. Тэр дунд өөрийн нь туслах Б.Мөнхбаяр хүртэл бий юм байх. Төрийн албанд ороод хоёрхон жилийн нүүр үзэж буй тэрбээр Засаг дарга Д.Батлутын ачаар 71.8 метр/квадрат гурван өрөө орон сууцтай болжээ. Хатуухан хэлэхэд, хоёр жил цүнх барьж гүйгээд 140 сая төгрөгөөр шагнуулсан нь энэ. Тус орон сууцны метр/квадратын үнэ 2.1 сая төгрөг аж.

Мөнөөх орон сууцанд  аймгийн Засаг даргын Тамгын газрын 

-Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жамболат,

- Хурлын бодлого хяналт хариуцсан ахлах ажилтан Б.Золоо,

- Барилга хот байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн С.Нансалмаа,

- Ахлах нягтлан бодогч Л.Дуламжав,

- Аж ахуйн нярав Д.Уртнасан,

-НБХ-ийн Ахмад настан, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амарзаяа,

-Албан хэрэг архивын эрхлэгч Ц.Хишигсүрэн нарын хүмүүс багтсан байгаа юм.

Мөн аймгийн захиргааны байранд амиа алдсан байдалтайгаар энэ оны наймдугаар сард олдсон Л.Болдын ар гэр ч багтжээ. Талийгаач, дэд хурандаа Л.Болдыг энэ оны зургадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилсон байдаг. Ажлаа аваад хоёрхон сарын дараа албан өрөөндөө нас барсан байсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан ч тэгсгээд чимээ дарагдсан. Салбартаа 20 гаруй жил ажилласан түүнд тушаал дэвшсэний нь дараахан мөн орон сууцны дэмжлэг үзүүлэх захирамж гарсан байдаг аж. Тушаал ахиж, дээр нь орон сууцтай болж байсан хүн чухам яагаад амиа хорлох болсон нь асуулт үлдээсэн. Албан өрөөндөө яагаад галт зэвсэгтэй байсан гэхчлэн хариулт нэхсэн олон асуулт тэнд бий. Харин түүнийг амиа алдах үеэр ээлжийн амралттай байсан Засаг дарга Д.Батлут захирамж гаргаж, талийгаачийн гэр бүлд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь байдаг.

Эл бүгдээс гадна ах, дүү амраг саднаараа орон сууцны дэмжлэгт хамрагдсан Хууль зүйн хэлтсийн дарга ч байх юм. Тодруулбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг ихэр дүү нараа паартай байшин, паалантай жорлонтой болгоод зогсохгүй өөрөө ч өнөөх дэмжлэгийг хүртжээ. Хоёр ихэр дүүгийн нэг нь аймгийн Хөдөө аж ахуйн газарт ажилладаг юм байх. Төрийн албанд ахынхаа буянаар орсон нэгэн гэдгийг аймгийн Засаг захиргааны хэн бүхэн хэлэх аж. Харин нөгөө нь хувийн хэвшилд ажилладаг. Гэсэн ч хуульч ахынхаа буянаар хэн хэн нь татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцтай болсон "буянтай" нөхөд. Ийнхүү гэр бүл, ах дүүсээр ая тухтай амьдрах нөхцөлөөр хангадгийг бодоход Засаг ноёны ажил алба, ар талыг хууль, эрх зүйн хувьд баттай даадаг бололтой юм. Түүнээс биш төрд насаараа зүтгэсэн ахмадуудад ч ийм дэмжлэг ирэх нь нэн ховор билээ. Засаг дарга Дамбын Батлут өмнө буюу 2015 онд, Орхон аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа өөртэйгээ мэнд мэдээгүй шалтгаанаар "Эрдэнэт секьюрити" компанийн захирал Э-г зодож, биед нь хүнд гэмтэл учруулж байсан гэх боевик нөхөр юм.

Хамгийн хачирхалтай нэгэн мэдээ бий нь, Засаг ноён гэр бүлийн хоёрыг эхнэр, нөхөр гэж мэдэлгүй тус тусад нь орон сууц өгч баярлуулсан гайхалтай явдал бий. Энэ талаарх баримтыг нэхэн мэдээллэх болно.

ЭХ СУРВАЛЖ: buzznews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top