|

Шашин бүрийн бурхны төрсөн, өнгөрсөн өдрөөр амарцгаая

zulaa 2019/10/07 1176 0

Шашин бүрийн бурхны төрсөн, өнгөрсөн  өдрөөр амарцгаая

 

Шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрхийн асуудал  гэсэн утга агуулгаар  Монгол улсын Үндсэн хуулинд зааж өгсөн.  Үүнтэй холбоотойгоор Монгол улсад олон шашны сүм хийд үйл ажиллагаа явуулсаар байгаа.

Тодруулбал, улсын хэмжээнд будда, христ, ислам болон бусад шашны байгууллага 2015 онд 356, 206 онд 350,  2017 онд 34, 2018 онд 364 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа байна.

Ийм байхад УИХ-ын  нэр бүхий гишүүд буддын шашныг онцгойлон авч үзэж, тухайн шашных бурханых нь төрсөн болон нас барсан өдрөөр бүх нийтээрээ амрах хуулийн төсөл санаачилж байх юм.  Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, бурхан багшийн төрсөн болон нас өдрөөр амрах санал гаргасан байна.  Үүнийгээ "Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.  Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна” хэмээн тайлбарласан.

Тэгвэл бусдыг шашин шүтлэг, гарал угсаагаар нь ялгахгүй гээд Үндсэн хуулиндаа заасан хэрнээ УИХ-ын гишүүд нь өөрсдөө буддын шашнаа ингээд онцолж байгаа нь бусад шашныг шууд бусаар үгүйсгэсэн хэрэг болж байгаа юм.

Шашин бүрт "Бурхан” гэсэн ойлголт байгаа. Хэрвээ бусад шашныг дээрх шиг шууд болон шууд бусаар үгүйсгэхгүй гэвэл бүх шашны бурхан багшийнх нь төрсөн өдрийг тэмдэглэх хэрэгтэй биз.

Бурхан багшийн төрсөн болон нас барсан өдөр болох Их Дүйчин өдрөөр бүх  нийтээрээ амрах эсэх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын зөвлөл, УИХ-ын гишүүд шийднэ. Олонхийн дэмжлэг авах эсэх нь тодорхойгүй ч гэсэн шашинтай холбоотой энэ мэт асуудалд  УИХ-ын гишүүд мэдрэг хандах шаардлагатай байгаа юм. Эс бөгөөс шашнаас болж иргэний дайн хүртэл гарсан жишээнүүдийг санах хэрэгтэй!!!

Dorgio.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top