Магадгүй 90 жил, 80 жил, 85 жилийн ойтоогоо золгосон боловч сумын төв нь нурж унах дээрээ тулчихсан, сумын төвөөрөө дүүрэн ажилгүй, гиюүрсэн иргэдтэй, хөдөөгүүр хэдэн мал нь өөрийнхөө эр чадлаар өсчихсөн, тэрийг нь хариулдаг хэдэн малчинтай, бултаараа арчаагүй амьдарч байгаа ойгоо тэгж сүржин тэмдэглэх гэж үхэлдэх хэрэг байна уу? Ерэн жил болохдоо юу хийж бүтээсэн бэ гэхлээр паг. Нийслэл рүү төрөл арилжаад алга болчихсон ганц нэг гавьяат, доктор, МУСТА-г олоод заачихна. Мал тэгж өслөө гэсэн бүртгэл зүй үзүүлчихнэ. Энэ чинь 90 жилийн бүтээл нь үү?
Уг нь Монголын эдийн засаг-нийгмийн хөгжилд энэ олон зуун сумууд жинтэй хувь нэмэр оруулчихсан ёстой юмсан. Сумын жижиг дунд үйлдвэрүүд, фермүүд яралзаад аймгаа босгоод, аймгууд нь өрсөлдөж хөгжөөд улсаа босгоод ирэхийг Монголын төр 100 хүлээсний ой хоёр жилийн дараа тохиох гэж байна.
Сумууд байгуулагдаж эхэлсний энэ ойнуудаар ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйтэл, авилга гэдэг үгс үнэхээр сонсмооргүй байна.
Үндсэн сэдэв. Энэ ертөнц хөгжлийнхөө шинэ загварыг ид ярилцаж байна. Хөгжлийн цоо шинэ загвараа олцгоо хэмээн мэдээллийн эрин, хурд, даяаршил бидэнд тулгасан. Халуун хушуут мал хэмээн уянгалуулах, ой тэмдэглэх, гавьяатын төлөө уралдахаас чинь илүүтэй цаг хугацаатай ана мана уралдаж цаана нь гарах чухал байна. Хэрэв тэгж эс чадвал биднийг маш том ангал хүлээж байна.
Эх орныхоо эдийн засгийг өрсөлдөх чадвараар нь дэлхийд гаргаад тавьчих. Зэрэглэл тогтоож байгаад дэлхийн 63 улсыг жагсаажээ. Эдийн засгийг нь 235 хэмжүүрээр хэмжиж үнэлжээ. Ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарт зарцуулах зардал зэрэг шууд хэмжиж болдог хатуу өгөгдөл ярайна. Нийгмийн уялдаа, даяаршил, авлигыг ажиглалт тандалтаар гаргадаг зөөлөн өгөгдөл бас байна. Шүүлтийг нь 1) Эдийн засгийн өрсөлдөх бодит чадавхи; 2) Ачаа даах эдийн засгийн чадавхи; 3) Засаглал; 4) Бизнесийн үр өгөөж гэх үндсэн 4 ангиллаар гаргая.
"Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” гэх илтгэлд бичсэнээр бол Монгол, Венесуэл хоёр сүүл мушгин сүүлчийн хоёр байранд бичигджээ. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн өрсөлдөх чадвар нойл зааж байна. Шалгуур 235 үзүүлэлтээр эрэмбэлэхэд тэр шүү дээ. Тэр 235 үзүүлэлтийн 143 статистик мэдээлэл нь 92 асуулгын хариулт болж гарч ирнэ. 2019 оны өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонконг, АНУ гурав эхний байруудад тэргүүлж байгаа бол манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгджээ. Орос мөн лнойл заах руугаа гулсаж яваа юм байна.
Зүүн Азийн хамтын нийгэмлэгт хэтдээ элсэнэ хэмээн бид хөөрцөглөдөг. Тэр бүс нутгийг тольдоё, энэ илтгэлээс. Зүүн өмнөд Ази дахь хамгийн том эдийн засаг гэгддэгИндонезийн эдийн засаг Ази-Номхонд далайн бүс нутагтаа тогтвортой сайн үзүүлэлттэй гэсэн байна. Үр дүнтэй засаглал, гайгүй дэд бүтэц, бизнесийн нөхцөл нь 11 байраар ахиж 32 дугаарт оржээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бүтээмжээрээ Тайланд 5 байр алгасаж 25 дугаарт орж иржээ. Эдийн засаг удааширч, Засгийн газрын зээл ихсэж, бизнесийн нөхцөл суларсан гэдгээр Япон 5 байраар ухарсан гэж байна.
Манайулс өрсөлдөх чадварын эрэмбээрээ 63 улс орноос Венесуэлын өмнө 62-т байгаа ба 2018 онд бас тийм байжээ. Онооны хувьд өмнөх жилийнхээсээ буурчээ. Өрсөлдөх чадварын оноо ийнхүү буурсан шалтгаан юу байв гэхлээр хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд гэнэ. Нааштай нь юу байв гэхлээр төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа-үйлчилгээний экспорт, аялал жуулчлалын орлого, бас судалгаа шинжилгээний үзүүлэлт сайн дүнтэй аж.
Жилийн дараа хийхээр төлөвлөж буй УИХ-ын сонгууль нь улс төрийн тогтворгүй байдал руу хүргэх, хөрөнгө оруулалтыг үргээх буюу азнуулах магадлалтай, бас Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өсөх магадлалтай гэсэн байх юм.
Тэтгэврийн сан гэх мэт өрсөлдөх чадварыг сулруулдаг үзүүлэлт гэснийх энэ рүү орж тайлбар хайхаас аргагүй мэт. Магтаал сайшаал, халамжинд дасч пээдийсэн эмнэг хангал гурван сая хүний тухай яриа. Бид бол нийгмийн халамжийн бодлогоороо Азидаа эхний 6 дугаарт бичигдсэн хэт зүүний халамжийн бүгд найрамдах улс шүү дээ. Манай улсад 72 төрлийн халамж хэрэгждэг. Түүнд жилдээ 700 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.
Гуравхан сая хүнд ийм их халамж үзүүлдэг нь нэг бол хэт энэрэнгүйнх, нэг бол мөнгөө барж ядсан асар их баялагтай улс, нэг бол цагаандаа гарсан популизм, нэг бол ард түмэн нь туйлын арчаагүй, өөрийгөө яваад явах чадваргүй – нэг үгэндээ туйлын сул үндэстэн. Өөрөөр нэмж нэрлэх аргумент надад лав алга.
Энэ их халамжийн бодлогоо эргэн харах шаардлагатай хэмээн ОУВС, олон улсын санхүүгийн, хандивлагч институц, түнш улс орнууд амаа цангатал хэлдэг байх аа даа. Монголын төр нь элдэв төрлийн халамжаар угжсаар байгаад ажил хийх сонирхолгүй, гиюүрсэн, хувиа хичээсэн, архинд толгойгоо мэдүүлсэн, бүтээмжгүй бүхэл бүтэн анги давхаргыг бэлтгэчихсэн. Бүр үр удмаар нь төлөвшүүлчихсэн. Ажилгүй гиюүрсэн иргэдийн ихэнхи нь ид тэгширч яваа хөдөлмөрийн насны залуучууд байгаа нь маш том гамшиг.
Гашуун атлаа сургамжтай ганц жишээ. Дорноговь аймагт төмөр зам, авто зам барих, газрын тосны үйлдвэрийн барилга гээд ажил ид өрнөж байна. Зам тавихад нутгийн иргэдээс (ерөөсөө монгол иргэд) авч ажиллуулах, ажлын байртай болгож амьдралыг нь сайжруулах гэсэн төрийн бодлогод зөвхөн зэвсэгт хүчний албан хаагчид л дайчлагдлаа. Нутгийн иргэд, тэр дундаа сумын иргэд, залуусаас очиж бүртгүүлсэн, ажил хийж буй ганц ч хүн байхгүй. Мөн харамсалтайя!
Манай улсын өрсөлдөх чадварыг сулруулдаг хүчин зүйлийг л яриад байна. Ийм эрчээр яваад байвал манай улс дэлхийн эдийн засгуудын бөгсөнд эдийн засгаа аваачиж үнэлүүлээд сүүл мушгигчдын тоонд Монгол маань зоолттой байсаар байх болно.
2030 онд дэлхийд сүүл мушгигчдын тоонд Монгол багтжээ гэсэн орчуулгын мэдээ "Засгийн газрын мэдээ” сонинд явж байсныг дахиад давтая. Америкийн"National Interest” сэтгүүлээс танилцуулсан эдийн засгийн өсөлт, дэвшлээр сүүл мушгих орнуудын жагсаалтыг Хойд Солонгос тэргүүлнэ, Папуа Шинэ Гвиней удаална, Монгол Улс араасаа гуравдугаарт бичигдэнэ. Өмнө нь Азербайжан, Казахстан жагсана хэмээн бичсэнийг "Засгийн газрын мэдээ” хөрвүүлж тавьсан байсан даа.
Би энд тайлбар хэлж эдийн засагтайгаа ноцолдооч ээ гэсэн ятгалгаа үргэлжлүүлнэ. Нэг зах зээл, ганц салбараас хэт хараат байгаа эдийн засаг гэдэг үнэлгээ ирэх 11 жилд маниусаас арилахгүй байх гэсэн бараан таамаг америкийн сэтгүүлд хийчихсэн байна. Тэр утгаараа манай улс 10 жилийн дараа ч гэсэн хэзээд эмзэг, дорой буурай байсаар байх болно хэмээн тэнд биччихсэн байсантай би санаа нийлнэ.
Эдийн засаг нь 2030 онд эмзэг байна гэхлээргэрэлт ирээдүй сэтгэлд ер бууж өгөхгүй. Ази тивд бидний яг дэргэд дэлхийн хоёр дахь том эдийн засаг хаалгаа нээгээд энгэрээ яраад хүлээж байна. Чухам тэр стандарт гэдгийг нь хангачих юм бол юу л үйлдвэрлэнэ, юу л бүтээнэ бүгдийг нь худалдан авъя, дэлхийн хамгийн том импортлогч болъё гээд хүлээж байна. Хятадаас цаашлаад хар. Эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохиж буй Энэтхэг, Индонез араас нь Ази тивээс мэндэлнэ. Манай оршин буй эл бүс нутгийг дэлхийн эдийн засгийн шинэ хүч, шинэ ирээдүй өөд өсөлтөөрөө татах зүтгүүр хэмээн тодорхойлж байна.
Харин өсөлтийн өлгий болох энэ бүс нутгийн улс орон бүр үсрэнгүй хөгжиж дэвжихгүй, зарим нь сүүл мушгина. Дэлхийн хамгийн хурдтай тэлж буй энэ тивд уналтын улаан дохио хангинуулсаар байх ганц нэг улс байгаагийн нэг нь Монгол болчихсон нь нэн харамсалтай бөгөөд ичмээр.
Гол шалтгааныг нь "National Interest” нэрлэж, нэг үгээр бидэндээ дохио сануулга өгчээ. Ганц зах зээл, ганц салбараас хэт хараат бүү бай гэсэн нь тийм байх аваас ямагт эмзэг, дорой буурай, арчаагүй байх болноо гэсэн санаа л даа. Монголыг гэлтгүй эхлээд хаа холын Азербайжаныг жишээлсэн байна лээ. ДНБ-ийхээ 40 хувийг зөвхөн газрын тос, байгалийн хийнээс олдог, түүнийгээ төрөлжүүлж, эдийн засгийн олон салбарт хүч сорь гэсэн нь зөв байх. Манайх руу хандуулж хатуухан үгээр бичмээр үг санж. Гэхдээ би Азербайжанд очиж үзэж байсных тэр улсын цэцэглэн хөгжсөн салбарууд, хотуудаар явсан, лав хүн амын тал орчим нь ядуурах гэж байгаа, гуравны нэг нь ядуурчихсан гэдгийг олж үзээгүй, сонсоогүй. Мэдээж Азербайжан, Казахстан, Монгол нь Орос, эсвэл Хятадаас газрын тос, байгалийн хий, зэс, нүүрсний аль нэгнээс нь шууд хамааралтай. Гэлээ гээд нөгөө хоёр улс нь Монгол шиг ирээдүйгээ бүрхэгдүүлчихсэн гэж би бодохгүй байна. 2030 он гэхэд ДНБ-ээ хүн ам тутамдаа хуваагаад нэг хүний бодит орлого гээд гаргаад ирвэлАзербайжан, Казахстан хоёр Монголыг бараагүй хаяад явчихсан байх вий гэдэгт л бид яс хавталзаж суух ёстой юм.
Манай улсын эдийн засаг Хятадын хөгжлийн бараа сүүдэрт өсөлт үзүүлж байсан, үзүүлэх ч болно. Харин нүүрс, зэс зэрэг цөөн түүхий эдээс энэ нь бүрдээд байх нь хамаарлын шалтгаан мөн. Энэ байдлаараа Хятад гэдэг нэг худалдан авагчтай, Хятадын буюу Хятадаар дамжих нэг зах зээлтэй л дахиад 10 жилийг туулах хэрэггүй мэт. Энэ их хэт хараат байдал чинь улс төр рүү нөлөөлөхгүй гэх баталгаа алга.
Үнэндээ өөрсдөө ч мэднэ. Хэдхэн түүхий эдийн (хоёр гуравхан) ханш даган Монголын эдийн засаг бүхэлдээ савлаж байдаг, Хятадын ДНБ-ий өсөлт хэр байх хувь процентоор экспортын маань их бага хэлбэлздэг. 2018 оныг нэрлэе. Монгол маань нийт экспортынхоо 92.8 хувийг Хятад руу гаргажээ. Тэр нь тэр чигтээ уул уурхайн салбарын олборлосон түүхий эд. Нэгэнтээ ухаад гаргаж ирээд ачаад урд хил рүү зөөчихнө, цаанаас нь тосч аваад төлбөр хийчихнэ. Уг нь тун хялбар наймаа. Нэг зуун жилийн өмнө бол болоод байх л наймаа. XXI зуунд хаашаа ч юм, тэгээд бас тэр наймаанаас ард түмэнд нялзах нь тун өчүүхэн. Нийгмийн халамжийн нөхвөр мөнгөнд ихэнхи нь (нөгөө 700 тэрбум төгрөг чинь) явчихна.
Ийм хамаарал нь залхуурал ба бэлэнчлэлийг монголчуудад суулгаад өгчихсөн. Урд хөршийн эдийн засгаас хамааралтай, түүндээ огтоос санаа зовдоггүй, өнөө хэр нь улсынхаа эдийн засгийг төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахгүй, тэр нь уриа, хурлын сэдэв болчихсон. Нэг үгээр арилчихсан дотортой хүмүүс дэндүү ихээр үржиж байна.
Худалдаанаас гадна хөрөнгө оруулалт нь бас хамаарлын том үзүүлэлт. Ихэнхи нь Хятад, мөн Канадаас. Хоёр улсыг жингийн туухайд тавибал Хятад нь даваад явчихна. Орж ирдэг мөнгөний урсгал нь мөн л олборлох болон түүнтэй холбогдсон боловсруулах салбар руу чиглэнэ. Эдгээр салбарын санхүүжилт. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг эзэлнэ. Үүнээс үзэхэд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал ганцхан салбарт хэт төвлөрчээ.
Манайд нэг болохгүй юм байнаа. Гуравхан сая хүн амдаа ахдахаар дэндүү том данхгар Засгийн газрын ба засаг захиргааны бүтэцтэй. Хэрэглэдэг зардал ньхэт өндөр, тэгсэн хэрнээ үр ашиггүй, нуль гарлага. Монгол Улсын Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт хоёр тогтмол өссөн ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Төрийн албан хаагч нь 200 мянга хүрч яваа. Тэд нь төсвийн мөнгө юүлэгчид, ихэнхи нь гуйлгачнаас арай дээгүүр, тиймээс авилгадна гэдгийг үзүүлж өгнө. 2030 он гэхэд манай улсыг бөгсөнд байлгаад байх бас нэг үзүүлэлт бол авлигын индекс юм. Энэ шалгуураар 2019 оныг сүүлийн 5 жилтэй харьцуулахад 6 байраар ухарч, 180 улс орноос 93 дугаарт бичигджээ. Ардчилал суларч, авлига бэхэжсэн, "Авилгажсан ардчилал” гээд нэрлэгдчихсэн байж байна.
Төсвийн хөрөнгө оруулалт хэр үр ашигтай вэ гэсэн олон улсын шалгуураар дэлхийн 200 орчим улсуудаас Монгол Улс 124 дүгээрт бичигдсэн нь хөгжиж буй орнууд дотроо тун доогуур үзүүлэлт юм.
Ийм дорой байж байтал гадаад өр төлөгдөх хугацаа тулаад ирнээ. Бараг 30 тэрбум ам.доллар болж байгаа гэв үү? Өрийн дарамт асар өндөр улсуудын жагсаалт руу орж явчихна даа. Өр гэснээс бидний мэдэх нь 500 сая ам.долларын "Мазаалай” бондыг бүхэлд нь, нэг тэрбум ам.долларын "Чингис” бондыг 2022 он гэхэд тус тус төлнө. 2023 онд 600 сая ам.долларын "Хуралдай”, 2024 онд 800 сая ам.долларын "Гэрэг” бондын төлбөр төлөх гэхчлэн хуваариарааа хөвөрч өгнө.
Гэтэл өдөр өдрөөр өсч буй дээрхи зээлүүдийг төлөх үндсэн хуримтлал бага тул дахин зээл тавьж, өрийг өрөөр санхүүжүүлж таарна. Улсын төсөв болон гадаад валютын нөөцөнд 4 жил өндийх завгүй үргэлжлэх их дарамтын тухай би өгүүлж байна. Хойд хормойгоороо урдахаа нөхсөөр, өр зээлийн хэлхээ ирэх жилүүдэд ч хөвөрнө гэсэн үг. Ингэснээр бид 2030 онд ч гэсэн өрийн тоолуур зогсолтгүй гүйсэн чөтгөрийн тэр тойргоос зайлж чадахгүй байх бололтой.
2019 онд гадаадын арилжааны болон хөнгөлөлттэй зээлийн зөвхөн үндсэн төлбөрт гэхэд л 850 тэрбум төгрөг буцааж төлөхөөр байгаа нь айсуй жилүүдэд бидэн дээр буух өрийн дарамттай харьцуулахад хамаагүй бага дүн шүү дээ. Үүндээ санаа амралгүй 2021 оноос амсхийх завсаргүй жил дамнасан их эргэн төлөлтүүдийг яралзтал хийх учиртай. Харин түүнийгээ хилэгнэсэн ард түмэндээ улс төрчид нь юу гэж тайлбарлах бол гэхээс яс хавталзах юм. Цагаан сар, наадмаа цуцалж золигтохгүй байгаа гэж айж байна.
Энэ их өр төлөлтөөр далимдуулаад төр толгой дээрхи их ачаанаасаа бага ч болов салчих бас нэг алтан боломж гараад ирж байна. Үүнийтулд дорхи ажлуудыг цаг алдалгүй эхлүүлмээр байна. Үүнд:
- Бүс нутагчлал–аймаг сумдын тоог эрс цөөлөх. Аймаг 5-7 байхад хангалттай, үр ашиггүй, балгас болчихсон, ой тэмдэглэхээс цаашгүй бүх сумдыг тарааж хооронд нь нэгтгэх;
- Төрийн албан хаагч гэх им тамганаас нь багш эмч нарыг 100 хувь чөлөөлөх, тэдний өмнө төр толгой гудайлгахаа болих;
- Yр ашиггүй хэт төвлөрлийг сааруулж бүс нутгийн төвүүд рүү нийслэлийн хүн амын талыг буцаан илгээх;
- Хэдэн биендээ юм зарж өдөр хоног өнгөрөөдөг улсын хэмжээний худалдааг цэгцлэх;
- Өр төлөх нэрээр зарим салбарт хуулийн дарангуйлал тогтоох–ажилгүйдлийг хүчээр арилгах, архидалт, ядуурлыг гэмт хэрэгт тооцох гэх мэтийг санал болгон дэвшүүлж байна.
Монголын эдийн засаг сэргэж буйг одоо ам уралдан магтахаа бользоновол ядаж ард түмнээ хуурахгүй юм даа!
Д.Баярхүү
Эх сурвалж: baabar.mn