|

Сураг нь алсардаггүй сумын наадам

tonshuul 2015/07/08 1620 0

Сураг нь алсардаггүй сумын наадам

 

Сураг нь алсардаггүй сумын наадам

 

Сураг нь алсардаггүй сумын наадам

 

Намуухан сэвшээ салхи толгодын оройгоор хэжиж, таана хөмүүл багсайтал ургасан хөндий толгод түмэн өнгийн цэцэгсээр хээтнэ. Удахгүй наадам болно. Айлуудын гадаа сумлаж зассан дэлтэй морьд ир чадлаа багтааж ядан дүүхэлзэж, идэрхэг эрс хурдан морьдынхоо хөхөл юуг уяж, их сунгаа болох газар руу яаран одоцгооно.

 

Дэлхий дэлэгнэсэн зун цагийн наадмын өдрүүдэд монгол хүний ид хав сэргэж, идэрхэг золбоолог бадрангуй болном. Шаагаагийн хээр, Чулуунбатын хул, Бямбын шар хээр, Цогтын алаг, Батгомбын хээр, Мөнхбаярын халиун гээд л цуутай хурдан хүлгүүдийн туурайн төвөргөөн Мянгадын талыг бөмбөрдөж, хурсан олон наадамчдыг баясааж цэнгээнэ. Өнгөрсөн жилийн наадмын сонин хачин наадам дөхсөн энэ л өдрүүдэд дахин амилж, бахдан ярьцгаана. Энэ жил л.... хэмээн бөхийн барилдаанд хэний хүү түрүүлж, хурдан морьдын уралдаанд хаанахын морьд түрүү магнайлахыг өнгөрсөн жилийн наадмын уралдаан, барилдааныг иш үндэс болгон таавар дэвшүүлнэ. Тэрүүхэндээ бас цэц булаалдан, хөөрсөн сэтгэлийн түмэн таамаг хөвөрнө.

 

Наадам болох дөхөөд ирсэн өдрүүдэд хөвгүүдийн чих зөөлөн, ихэд уриалган болдог нь гэм биш зан. Наадамд явах эрх авахын тулд ээжийн хэлсэн бүхнийг хийх гэж, аавын хэлэх гэж байгаа үгийг хүртэл таах шахаж хөөрцөглөнө. Ядахдаа л наадмын эхний өдөр хонь хариулах, ар гэр сахих ажлаас чөлөөлөгдчихвөл, цаашлаад Баянбулагийн дэнжид хоёр өдөр шавиагаа ханатал наадчихвал намар сургуульд ороод ярих сэдэвтэй болно. Торгон дээл өмсч, хоёр салаа гэзэгтээ эрээн мяраан тууз зүүж, тэр болгон өмсөөд байдаггүй ганган малгай духдуулж, омголон хүлгийн суран жолоог хүссэн зүгтээ залан хэд гурваараа нийлэн шандаст хүлгийн чадал шавхан давхих үеийн охидод тоогдох гэж элдэв янзын ааш гаргах хөвгүүд тэдэндээ баахан том эр хүн болж харагдах гээд янжуур зууж гангарна. Он жилийн уртад үлдэж хоцорсон сумын наадам ямархан ч гэгээхэн байсан юм бэ.

 

Өнгөрсөн жил өсч төрсөн нутагтаа очлоо. Тэр л цаг үеийн минь хөхөмдөг тал, хөх уулс, хөлөрсөн зэрэглээ, холхи алс бүүдийтэл ээх зуны үдийн жин халуун өдрүүд угтав. Харин тэнд миний бага нас алга. Буурал эмээ, өвөө минь байсангүй ээ. Булгийн усан дээр дүрсгүйтэн гүйлдэх үеийнхэн минь алга. Наадам дөхөөд ирэхээр нууц нууцхан догдолж, баяр хөөрөөр бялхдаг сэтгэл хөдлөл ч алга. Буйд толгодын оройд байх аавын гэрийн буурин дээр саатлаа. Ээжийн аарцаа шахдаг хөх чулуунууд бага насанд минь байсан тэр л газартаа яг л өчигдөрхөн өргөж авчраад тавьсан юм шиг хэвээрээ. Гэрийн хоёр талд даруулга болгож зүүдэг том улаан чулууд ч тэр хэвээрээ байсан газартаа он жилийн уртыг туулан өнөөг хүрсэн байх аж. Морьдоо уядаг шонгийн ор ч мэдэгдэм байх бөгөөд хүлэг морьдын минь мөр ч балраагүй юм шиг санагдана.

 

Олоон жил үзээгүй сумын наадам маргааш болно. Томбогын булагийн хөхөмдөг дэнжийг уруудан хурдан хүлгүүдийн үүрсээн дуурсч, сойж хагсраасан морьдоо хөтөлсөн наадамчид хоёр өдөр цувардагсан. Харин одоо тэр их наадамчдын цуваа үгүй болж, морьд ачсан машинууд ганц нэгээр явах нь харагдана. Дэлийг нь сумлаж зассан шандаст хүлгээрээ хөндийн тоосыг хуйлартал давхидаг асан нутгийн сайхан бүсгүйчүүд, харчуудын бараа алга. Том жижиг машин, хятад мотоцикль унасан хүмүүс хойд дэнжийн замаар хаяахан нэг явах бөгөөд морьдын үүрсээнд сэрдэг байсан тал нутаг минь эзгүйрсэн ч юм шиг, эзэд нь орхиод хаа нэгтээ нүүдэллэж одсон ч юм шиг уйтай.

 

Сумын наадамчид хоёр өдөр эргээд ч туулж барахгүй юм шиг цэлийж, дүнхийж байдаг Баянбулагийн дэнж, Хөндлөн булагийнхаа хөвөөн дээр ирэв. Машин, мотоцикль багширч, явган нүцгэн таваргасан хүмүүс хөлхөлдсөн наадмын дэнжид хийморь сэргэтэл дүүхэлзэх омголон сайхан морь унасан хүний бараа харагдсангүй. Морьтон хүн цөөхөн, энд тэнд ганц хоёроороо харагдах монгол наадам нэг л сүр сүлдгүй. Морьдын үүрсээн, хөлснийх нь үнэр, амгай даран дүүхэлзэх тэр л төрх монгол наадмын нэгэн чимэг байсан гэдгийг сумынхаа наадмыг үзэхдээ л сая нэг анзаарав. Монгол наадам морьгүй бол наадам биш юмсанж.

 

Хятад мотоцикльд сундалдсан залуус нааш цааш давхилдах бөгөөд нэг л харь хөндий харагдаад ер болсонгүй. Уудам тал нутаг минь уг нь хэвээрээ санж. Ууж өссөн булаг шанд минь тув тунгалагханаараа мэлтэлзэнэ. Уулсын оройд байх сүр сүлдэт овоонууд салхины сэвшээнд хадаг яндараа хийсгэн байсаар л...

 

Харин хүн ард минь монгол ёс заншил, ахуй соёлоосоо улам бүр хөндийрч холдсоор л. Хөгжил дэвшил хүнийг ч, ёс заншлыг ч эвдэн сүйтгэдэг аж. Монгол наадмыг ч энэхүү сүйтгэл тойрсонгүй, дайрчээ. Машинаар ачдаг болсноор хөтлөөд явдаг морь байхгүй болсон шүү дээ хө гэх. Баянбулагийн дэнжээс морь барианы газар руу наадамчид явж байгаа нь морин цэргийн их цуваа явж буй мэт л харагдаг сан. Мориныхоо шандасыг шалган уралдаж, үеийн охидыг хоргоож, танилцаж нөхөрлөх их зам эндээс л эхэлдэг байлаа. Харин одоо тэр бүхэн үгүй болжээ.

 

Талыг там болтол машинууд цувж, тоосон дунд нь тал нутаг минь бачуурахдаа салхин исгэрүүлж шуурах нь нэг л гунигтай. Зүсэр зүсэрхэн бороо шивэрэхэд өглөөхөн ганзагалж гарсан борооны цэрэг ногоон цуван дор үеийн охинтой хамтдаа хоргодохдоо үснээс нь анхилах үнэрт мансуурч, зүрхнийхээ цохилох чимээг нууж ядсан хөөргөн балчир насны минь наадмын өдрүүд хаа нэгтээ үлдэж хоцорчээ.

 

Морь барианы газарт ирж, захдуухан буудаллав. Машины цуваа хөвөрсөн тал нутгаа эргээд харахад улаан тоос, тал нутгийг минь урсан юм шиг зурайх зам, дураар давхилдах машин л багширалдана. Морьд үүрсч, хэд гурваараа нийлэлдэн уралдаж, шуугилдсан хөгжөөнт сумын наадам нэг л эл хуль. Залуус ганц нэгээрээ хэлхэлдэн явган явах бөгөөд энд тэнд машиныхаа сүүдэр бараадан сууна. Салхи исгэртэл давхиж, цээж уужиртал хөгжилдөж асан бага насны наадмаа үгүйлэн эрт эдүгээг эрэгцүүлэн суутал нутгийн хэдэн буурал ээжтэй минь уулзаж, золгохоор ирэв.

 

-За сайхан наадаж байна уу, баяр наадам сайхан уу, зуншлага сайхан уу хэмээн мэнд мэдэх нутгийн буурлууд тал нутгийнхаа хоймрыг эзэгнэх мэт завилан сууцгааж, хөөрөг зөрүүлэхэд цаанаа л нэг танил дүр зураг нүднээ амилав. Наадмын сонин хачин хөөрөлдөн байснаа бага насны наадам, эрмэг хурдан морьд унасан хүмүүсээр тал нутаг минь дүүрдэг байсан тухай дурсамж сөхвөл өвгөдийн нүдэнд гуниг хурж, санаа алдав.

 

Ёстой л сайхан наадам болдог байж билээ, морьд ч гэж морьд, наадам ч гэж наадам болдог байлаа. Одоо ч машинаар ачуулсан адгуус, мориноос"айдаг” хүмүүс л нааддаг болж дээ. Хүн, морь нь эвдрээгүй монгол наадам сураг алдрахгүй бүтэн жил яригддаг байв шүү. Өөрсдийн эр хар чадал, сүлд хиймориороо, хий харгүй сайхан нааддаг байсан юм аа тэгэхэд, хүү минь гэж нутгийн өвгөд хуучилна. Уул тал минь санаа алдав. Монгол минь санаа алдав. Нутгийн наадам морь унасан хүн цөөхөн ч, сэтгэлд дундуурхан ч олон жил ирээгүй, үзээгүй болоод тэр үү сайхан боллоо. Наадам бүхэн сайхан. Наадмын өглөө бүр ч сайхан. Наадамд явах эрхээ авсан хүү өглөө эртлэн босч, үнээ мал саах ээждээ тусалж байхдаа адган яарч, уяаны шон дээр дүүхэлзэх хүлэг мориндоо мордон талын салхийг исгэрүүлэн дахихын хүслэнгээр жигүүрлэдэг байж дээ. Наадамд уралдах хүлэг морьдоо дөрөв таваар нь хэлхэн хөтөлсөн уяачдын сүүлч урд хөтлөөр давахад наадмын нээлтээс хоцрох нь гэж адгасан хөвгүүд нэгэн баг болон хурж, уралдан одох наадмын өглөөний салхи нь хүртэл сэвшээ. Тийм л жаргалтай, ийм л хийморьтой сумын наадам. Сураг нь балрахгүй хойтон жилийн наадам хүртэл ярих сонин хачин ихтэй сумын наадам сайхан болдог байлаа. Морьтой, хийморьтой, хар сэвгүй, ид хав, эрмэг золбоолог иртэй, бяртай, жавхаалаг болдог байж билээ. Миний мэдэх сумын наадам...

 

Д.Лхагва-Очир

 

Санал болгох

Сэтгэгдэл

top