|

Өнөөдөр дэлхийн цагт секунд нэмнэ

munkhod 2015/06/30 1018 0
 

Өнөөдөр орой дэлхийн цагт нэг секунд нэмэх гэж байна. Энэ талаар Стандартчилал хэмжилзүйн газрын Цаг давтамжийн эталон лабораторийн мэргэжилтэн Г.Батзаяагаас тодрууллаа.

-Өнөө шөнө цагт нэг секунд нэмнэ гэж байна. Үүнийг тодруулъя?

-Өнөө шөнө 23.59 минутад дэлхийн цагт нэг секунд нэмнэ. Сүүлийн минутын 59 секунд болоод шууд 00 цагт шилждэг. Тэгвэл өнөө шөнө 59 минут 60 секунд болгоод 00 цаг руу шилжүүлэх замаар нэг секунд нэмэх юм.

-Ганцхан секундын зөрүү юунд хэрэгтэй юм бэ?

-Иргэдийн энгийн амьдралд бол ямар ч өөрчлөлт байхгүй. Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглах төв гэж бий. Тэндээс дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглаад олон улсын цагтай харьцуулаад зохицуулдаг. Ингэж харьцуулах явцад тэнхлэгийн эргэлтийг ажиглах төвийн цаг 0.9 секунд хүртэлх зөрүүтэй болбол тухайн жилийн зургадугаар сарын 30, эсвэл арванхоёрдугаар сарын 31-нд нэг секундыг нэмдэг. Гэхдээ жил бүр нэмдэг гэсэн үг биш. Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглаж байгаад секунд нэмэх эсэхээ шийддэг. Өмнөх жилүүдийн туршлагыг харж байхад хоёр жилд нэг удаа нэмэгдээд байна.

-Дэлхийн бүх улсууд ингэж цаг нэмдэг үү?

-Тийм. Олон улсын зохицуулсан цаг гэж бий. Төв нь Францад байдаг. Олон улсын зохицуулсан цагт дэлхийн бүх улсууд хамаардаг. Тэгэхээр бүгд секунд нэмдэг гэсэн үг.

-Улс орнууд хоорондоо цагийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдсэн байдлаар яаж нэмэх вэ?

-Бүх улс орнууд Олон улсын цагийн хуваарийг мөрддөг. Жишээ нь Олон улсын цаг 59 секунд гээд 00 болдог. Яг 59 секунд дээр ирэх үед шууд 60 болгож тохируулснаар секунд нэмж байгаа гэсэн үг. Манай улсын хувьд олон улсын цагийн хуваарийг авч өөрийн цагтай харьцуулна. Тиймээс манай улсад автоматаар тохиргоо хийгдээд, нэг секунд нэмэгдэнэ гэсэн үг.

Анх 1972 онд секунд нэмсэн. Одоогоор 25 удаа секунд нэмээд байна.

-Ер нь нэг секундийн ач холбогдол юундаа байна вэ?

-Нар сарны зохилдлогоо, цагийн хуваариа дэлхийн эргэлттэй тааруулах л ач холбогдолтой. Ер нь цаг тооллоо секунд доль алдалгүй зөв барьж явахын тулд ингэж байгаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top