|

Амар мэндийн чулуун жуух

tonshuul 2015/02/21 204370 21336

 Амар мэндийн чулуун жуух

 

Монголчууд алт, мөнгөнөөс өмнө чулуугаар гоёдог байсан. Одоо ч үргэлжилсээр байна. Зүгээр нэг чулуугаар биш эрдэнийн чулуугаар гоёхыг монголчуудын эртний өвөг дээдэс, магадгүй чулуун зэвсгийн үеэс л санаачилсан бололтой. Монгол хүүхдүүдийн гол тоглоом нь чулуугаар эхэлдэг байлаа. Өнгө өнгийн чулуугаар гэр барьж /дугуйлан өрж/ тоглохоос эхэлж хүүхдүүд чулуугаар дамжуулан Эх орноо танин мэддэг байлаа. 
 
Тэр тухайд миний бие 1969 онд "Хорвоотой танилцсан түүх" гэдэг намтар туужаа "Чулуутай танилцсан минь" гэсэн бүлгээр эхэлж билээ. Монгол хүн хорвоог танин мэдэхдээ хүүхэд ахуй цагтаа чулуугаар тоглож, дараа нь чулуугаар зэвсэг, хэрэгсэл хийж, хөшөө дурсгал босгож, тэгээд бас чулуугаар гоёж гооддог болсон ажээ. Чулуун гоёлоороо эрчүүд нь эмэгтэйчүүдээс ялгагдахаар онцлог уламжлалтай байж. Эмэгтэйчүүд нь эрдэнийн болон эрдэнэтэй өрсөлдөх чулуугаар ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт, үсний даруулга гэхчлэн гоёлоо хийдэг байсан бол эрчүүд нь бүсний чимэг, гаансны соруул, тамхины хөөрөг зэргээ үнэт чулуугаар хийж гоёдог байсаар олон зууныг үджээ.
 
Чулуу бол манай хорвоо дэлхийн бүрэлдэн тогтох олон сая жилийн үйл явцын үр дүнд буй болсон маш өвөрмөц бүтээгдэхүүн /хүний гараар бүтээгүй/ юм. Чулуу нь анагаах, илааршуулах, өөрчлөх, хувиргах, эрчим хүч өгөх олон төрлийн ид шидтэй онцгой зүйл мөн. "Аяа, чулуу чи ертөнцийн хөрсөнд ургасан цэцэг юм билээ" гэж дээр дурдсан тууждаа бичиж байлаа.
 
Монгол эрчүүд хаш, мана, пийсүү, чүнчигноров гэхчилэн олон төрлийн чулуугаар гаансныхаа соруулыг хийсээр ирсэн бөгөөд тэдгээр чулууг дамжин өнгөрөхдөө тамхины хор саармагждаг бас утааны илч номхордог байсан хэрэг. Гаансаар амны тамхи татахаас гадна хөөргөнд хамрын тамхи хийж гоёмсог ууттай хөөргөө бүсэндээ хавчуулан "Эрхэмсэг оршихуйн" шинжээ илтгэдэг байлаа. 
 
Тэгээд ч зогсохгүй тэрхүү хоёр чулуун гоёлоороо бусдын амрыг эрж, уулзах, танилцахын цагтаа тэд-гээрийг "Зөрүүлэн солилцдог", итгэлцэл, хүндэтгэлээ харуулдаг заншилтай байлаа. Гаансныхаа соруулыг нударгандаа арчин солилцож, хөөрөгнийхөө бол бөглөөг сулруулан тамхилдаг байлаа. Ийнхүү солилцох, зөрүүлэхүйдээ амар мэндээ мэдэлцэн, ая зангаа асууцгаах бөгөөд тамхийг нь заавал ч ховдоглон сорохгүй, үнэрлэх төдийгөөр ёс гүйцэтгэдэг байсан болой.
 
Монгол хөөрөг олон зууны туршид монгол хүний уран сэтгэмж, гоо сайхны таашаалын бэлгэдэл болсоор ирсэн агаад орчин үед ч урлагийн бүтээлийн хэмжээнд өргөмжлөгдөн, хөөрөг сонирхогчид, цуглуулагчид буй болсоор байна. Монгол ардын аман зохиол, дуу хөгжимд ч хөөрөг дурдагдсаар ирсэн уламжлал бий. Ялангуяа янаг амрагийн сэдэвтэй дуунд хөөрөг дурдагдах нь цөөнгүй.
 
"Манан хөөрөг манхуу тамхийг
Манас, манас татлаадаа хө,
Магад хайрын Ванлий чамайгаа
Маам нь эргэхээр мордлоодоо хө" гэж нэгэн дуунд гарч байхад:
 
"Сүүж манан хөөрөг чинь 
Сүүжин дундаа эргэлдэнэ 
Сүжирч явсан сэтгэл минь
 Цээжин дундаа мансуурна 
Хаш манан хөөрөг чинь 
Ханцуй дундаа эргэлдэнэ 
Ханилж явсан сэтгэл минь ,
Цээжин дундаа мансуурна" гэж бас нэгэн дуунд гардаг билээ.
 
Хөөрөг бол монголчуудын бие биетэйгээ уулзах учрахын цагт, золгох, үед амар мэндээ мэдэлцэх, ая зангаа ойлголцох, ер нэг үгээр хэлэхэд ойлголцох, түншлэх, амар асуух, андын сэтгэлээ илэрхийлэх эрдэнийн чулуун жуух юм гэлтэй. Элчин сайд хүн томилогдсон улсдаа очоод итгэмжлэх жуух бичгээ төрийн тэргүүнд нь барьдаг билээ. Тэрэн шиг эрдэнийн чулуун хөөрөг бол монголчуудын нөхөрлөл, итгэмжлэлийн ёс төр, уран сайхны сэтгэлгээний нэгэн өвөрмөц зууч юм.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  Л.Түдэв

Санал болгох

Сэтгэгдэл

top