Ардчилсан намын ҮЗХ-ны зарим гишүүд төрийн албанд орсон учраас намын дотоод сонгуулийн хорооноос нөхөн сонгууль явуулах тогтоолыг гаргасан юм.
Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийг нөхөн томилох дотоод сонгуулийг нийслэлийн Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт явуулсан байна. Гэвч Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль түр хугацаагаар хойшлоод байна.
Тус дүүргийн нөхөн сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал үүсчээ. Тухайлбал, дүүргийн намын хорооны дарга Б.Батмөнх нь гишүүдийн 50 хувийн санал авч чадаагүй учраас намын зарим гишүүд үүнийг "дүрмийн бус” хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Мөн Ардчилсан намаас удирдлага нь дүрмийн бус байдлаар сонгогдсон гэдэг шийдвэрийг гаргасантай холбоотой аж.
Гэхдээ нөхөн сонгууль хойшилсон шалтгааныг намын зарим гишүүдийн жагсаал цуглаан зохион байгуулснаас үүдсэн гэж үзэхгүй байна. Харин нөхөн сонгууль хойшилсон гол шалтгаан нь тус дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Б.Батмөнх сонгууль болохын өмнөх орой намын гишүүдтэйгээ тохиролцоонд хүрсэн ч маргааш нь сонгуулийн хайрцгаа аваад зугтжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхтуяа тамгаа авч зугтсан байна. Тиймээс намын тамга болон сонгуулийн хайрцаггүйн улмаас нөхөн сонгуулийг явуулах аргагүйд хүрчээ. Л.Энхтуяа тамгаа аваад зугтах болсон шалтгаан нь өөрийнх нь хүнийг нэр дэвшүүлээгүйгээс болсон гэнэ.
Намын хорооны дарга Б.Батмөнх нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан бол Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхтуяа нь намын хорооны экс дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарын хүн гэгддэг юм.
Нөхөн сонгуулиар Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны 16 гишүүнийг сэлгэх ёстой байсан юм.