|

Халимагийн мисс Г.Сарантуяа:Намайг хараад уулга алдсан

saikhnaa 2016/03/30 13462 3773

Халимагийн мисс Г.Сарантуяа:Намайг хараад уулга алдсан

 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд завсарлаад байсан "Монгол туургатны мисс” тэмцээн саяхан болж өндөрлөсөн юм.   "Дэлхийн монголчууд глобал сан”-гаас зохион байгуулсан энэхүү тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөр монгол зэрэг орны 15 гоо бүсгүй оролцсон билээ. Харин Монголоос Ю.Балжидмаа, Д.Ану, Э.Байгал, Г.Ундармаа, Н.Мишээлт гэсэн таван гоо бүсгүй эх орноо төлөөлөн  өрсөлдөв. Гэвч тэргүүн байрын титмийг Буриадын гоо бүсгүй  хүртсэн юм.

Энэ үеэр Халимагийн гоо бүсгүй  Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн    амьдралын эрхээр хагацсан аавтай уулзсан нь сэтгэл догдлуулсан мөч байлаа. Тэрээр  энэ  тэмцээнд Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээж оролцсон гэдэг.


Түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь  "Залуу хүний зам урт. Нялх хүүхэд өсгөнө гэдэг амаргүй. Бидний мах цусны тасархай. Үлдээчих. Харин охинтойгоо уулзаж байгаарай" гэжээ.Тэр цагаас хойш  эцэг, охин хоёрын  холбоо тасарчээ.


Д.Ганбаатар Монголд ирснийхээ дараахан БНСУ явж 8 жил ажиллаж амьдраад Монголдоо иржээ. Эх орондоо ирснээс хойш бизнес эрхэлж байгаа бөгөөд өдгөө хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй аж. 

Халимагийн гоо бүсгүй  Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн өмнө нь аавыгаа хайж интернетэд зургийг байршуулж байсан ч олж уулзаж чадаагүй байна. 

Харин энэ удаад тэмцээнээр Монголд ирэхэд нь Монголын талын багийнхан бүсгүйн аавыг эрэх ажилд идэвхитэй оролцжээ.Тэд нэрийг мэдэж байсан учир хайж удалгүй олоод охинтой нь уулзуулахаар болсон аж. 

Тэдний сэтгэл догдлуулсан мөч "Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн хамт тайзнаа амилан охин нь аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан юм.  Энэхүү үзүүлбэрийг үзсэн хэн хүнгүй нулимсаа барьж ядан байв. 15 жилийн дараа аавыгаа олсон Сарантуяа Ганбаатароовна Даваасүрэн Энэрэнгүй мисс титмийг хүртсэн аж.

 

Халимагийн мисс Г.Сарантуяа тэмцээнд оролцох гэрээтэй учир аавтайгаа нэг л удаа уулзаж хамтдаа хоол иджээ.  Төрсөн эцэг нь охиноо Монголдоо суралцах, амьдрах хүсэлт тавьсан ч тэрээр зөвшөөрөөгүй гэнэ. Эмээ нь хэдийгээр насан өөд болсон ч өвөө намайг хүлээж буй, бас Халимагийн их сургуулиа дүүргэх ёстой гэжээ.

Д.Ганбаатар харин удахгүй Халимаг руу нисэх гэнэ. Тэнд очиж охинтойгоо болон хадмуудтайгаа уулзахаар төлөвлөжээ. Зун охин нь Монголд ирж амрах ажээ. Аав нь "Охиныхоо хүслийг биелүүлмээр байна, БНСУ-д очиж үзээгүй гэсэн, энэ зун аваад явна аа" хэмээн хуучилжээ. 

Халимагийн мисс бүсгүй аав намайг хараад ээж шиг ээ хэмээн уулга алдсан гэжээ. 

 


Эх сурвалж: TIMES.MN


Санал болгох

Сэтгэгдэл

top