|

Чихрийн шижин: Амьдралын хэв маяг уу, өвчний онош уу?

munkhod 2015/06/16 2288 213

Чихрийн шижин: Амьдралын хэв маяг уу, өвчний онош уу?

 

Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог.

Бодисын солилцооны алдагдал

Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа алдаж, тэр нь цусанд хуримтлагдан шээсээр гадагшилна. Инсулины дутмагшил нь биеийн эдийг усгүйжуулдаг. Организм усны дутмагшилд орсноор ам цангана. Шээсэн дэх сахарын хэмжээ 5-10 % (хэвийн байдалд шээс сахар агуулдаггүй) хүрч болно. Уураг гүйцэт задрахгүй бөгөөд завсрын бүтээгдэхүүн организмыг хордуулж бодисын солилцоог алдагдуулна.

Инсулины холбогдол

1-р үеийн диабет буюу инсулинээс хамааралтай чихрийн шижин нь гол төлөв хүүхэд ба 35 нас хүртэлх залуу хүмүүст тохиолдоно. Дархлааны систем нойр булчирхайны инсулин ялгаруулагч бета-эсийг довтлох ба энэ үед цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэнэ. Эмч нар удамшлын болон вирусын үйлчлэлийг өвчний шалтгаан гэж үздэг. Эхлээд өвчтөн ихээр цангаж ундаасна, хоолонд ховдог болох боловч эрчимтэй турж эхэлнэ.

Ойр ойрхон шээнэ, хараа муудаж ялимгүй шарх хүртэл удаан эдгэх ба хөл хүндэрч буй мэдрэмж төрнө, бие суларч амархан ядарна. 
Цаг үеийн оношлогоо хийлгээгүйгээс болж өвчтөнд чихрийн ком үүсч болно. 1-р үеийн диабетаар оношлогдсон тохиолдолд цорын ганц аврал бол инсулины инъекц байдаг.

Хоолны дэглэмийг нарийн сахих

2-р үеийн диабет буюу инсулинээс хамааралгүй чихрийн шижин нь ихэвчлэн 40-с хойш насныханд тохиолддог бөгөөд удамшлын шинжтэй байдаг. 
Энэ тохиолдолд нойр булчирхай хэвийн ажиллаж инсулин ялгаруулах боловч эсүүдийн хувьд асуудалтай болно. Тэдгээр нь инсулиныг "тоохоо” больсноор гол "түлш” болох глюкоз эсэд нэвтэрч чадахгүйд хүрдэг. Ингэснээр цусанд глюкоз, инсулины илүүдэл үүснэ. 
Энэ төрлийн диабеттай хүмүүс өвчнийхээ тухай олон жил мэдэхгүй явж, өөр бусад өвчнийг идэвхитэй эмчилдэгт гол аюул оршдог. Диабеттай хавсарч зүрх судасны системд хүндрэл үүсэх, хараа муудах, үе мөч янгинаж шөрмөс татах, бөөрний үйл ажиллагаа алдагдах, даралт ихсэх өвчин үүсдэг. 2-р үеийн диабетыг эмчлэхэд анхаарах гол зүйл нь хоолны дэглэмийг нарийн сахих явдал юм.

Хүндрүүлэх хэрэггүй

Диабетын үед та хэдийгээр цусан дахь сахарын хэмжээгээ хянаж байгаа боловч нүд, арьс, бөөрөнд хүндрэл үүсч буйг тэр бүр анзаарахгүй. Диабет нь артерийн өндөр даралт үүсэх шалтгаан болж болно. 
Диабетаар өвчлөгсөд жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэх шаардлагатай. Хяналтгүй бол хараа муудах, цаашлаад хараагүй болох аюултай. Хөлөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Өдөр бүр хөлөө зөв арчилж бай, хэрвээ ямар нэгэн шарх удаан эдгэрэхгүй бол эмчид даруй үзүүлэх нь зүйтэй. Сахарын хэмжээгээ хянахын тулд жил бүр цус болон шээсээ шинжилгээнд өгч байх хэрэгтэй.

Өөрийгөө шинжье: Чихрийн шижин өвчний сорилын тест
Доорх асуултанд хариулна уу.
1. Та байнга цангаж ундаасч байна уу, ам үргэлж хуурайсдаг уу
2. Хоолны дуршил сайн уу, хоол идсэн хэдий ч сэтгэл ханахгүй байдаг уу
3. Ойр ойрхон шээдэг үү, шээсний хэмжээ нэмэгдсэн үү
4. Шарх, шалбархай их удаан эдгэж байна уу
5. Заримдаа нүд харанхуйлж хамаг юмс дайвалздаг уу
6. Үе үе гар, хөл бадайрч зүүгээр хатгах мэт болдог уу
Хэрвээ та эдгээр асуултын 3-т нь "Тийм” гэсэн хариу өгсөн бол нарийн мэргэжлийн эмчид хандаж цусан дахь глюкозын хэмжээ тогтоох шинжилгээ өгөх хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

top