
2015 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөлд ингэж тусгасан байна. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюу нийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтай тэнцэх
тэтгэмжийг буюу дунджаар 1,071.0 мянган төгрөгийг олгодог. Мөн дээрээс нь халамжийн сангаас
жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгодог. Харин Нийгмийн даатгалын санд хамрагдаагүй эхчүүдийн хувьд зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн
нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байгаа.
Гэтэл Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл
хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцлоо гэж тусгажээ. Тэгэхээр жирэмсний 5 сартайгаас тэтгэмж авахаа болино. Төрсөн сараас эхлэн 7 сарын турш л олгоно гэсэн үг. Жирэмсэн, хөхүүл эхчүүд бүтэн жилийн турш сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмж авахгүй ердөө 7 сар авах нь. Бас жирэмсэн байхдаа энэ тэтгэмжинд хамрагдахгүй болох юм байна.
Араас нь Алдар эхчүүдийн мөнгийг танах ч сураг байна. Төрийн соёрхол, Алтан гадас одон ардчилсан ерөнхийлөгчийн үед үнэ цэнээ алдаж, Алдарт эх одон л хамгийн үнэн цэнэтэй одон хэвээрээ байна. Алдарт эхийн 1,2 дугаар одонтой эхчүүд социализмын үед, амьдрал тайван байх үед төрж 5-8 хүүхэд төрүүлсэн эхчүүд авдаг. Тэд одоо ихэвчлэн өндөр насны тэтгэвэрт байгаа хөгшчүүд. Сүүлийн үед төрөлт эрс багассан. Алдарт эхийн одонгийн болзол ч буурч, 4 хүүхэд төрүүлсэн ээжүүд авах болсон билээ. "Камертон”-ы Эба, Болд, дуучин Куйзагийн эхнэр энэ болзлыг хангаж, залууст бага ч атугай үлгэр дууриал өгсөн байх.
Мөн Монголын толгой баячуудын нэг "Ажнай” Бат-Эрдэнийн гэргий Алдарт эхийн одон авч, Ерөнхийлөгч улсын наадмаар уяан дээрх гэрт нь очиж гардуулсан. Үүнээс гадна бас ч гэж чамлахааргүй иргэд, залуу эхчүүд авч байгаа. Тэдэнд тэр мөнгө нь хэрэгтэй. Ерөнхий сайд Алдарт эхийн одонг зөвхөн "Ажнай”-н Бат-Эрдэнийнх гэр бүлүүд авдаг гэж эндүүрч болохгүй. Амьдрал мэдэхгүй сайхан ЕС Ч.Сайханбилэгээс болж хэдэн хөгшид хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хохирох бололтой.
Тэрчлэн Ерөнхийлөгчийн санаачлагаар оюутнуудад 70 мянган төгрөг өгөх болсон. Оюутнуудад тараасан мөнгө 300 тэрбумд дөхөх юм гэнэ билээ. Тэрний оронд хэдэн эмнэлэг, цэцэрлэг барьчихсан бол хүмүүст илүү тустай байхсан. Ядаж л хогийн ногоон уутаа больж болно доо.