|

Төрийн ордноо нүүлгэе ээ

bayaraa 2015/01/06 3200 174

Төрийн ордноо нүүлгэе ээ Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байна. 2015 онд өч төчнөөн цэцэрлэг, сургууль барина.

 Хүүхдийн эмнэлэг гэж алга. Дүүрэг бүрт ядаж 150 ортой нэг эмнэлэг нэмж барих шаардлагатай байна. 2015 онд хоёр ч яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно. Бидний сүүлийн жилүүдэд ярьж, бичиж байгаа сэдэв ердөө л энэ. Аргагүйдээ хөөрхий, Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа зүйлс энэ хойно. Дээрээс нь утааны гамшиг, замын түгжрэл хөөрхөн жин дарна. Бас л ярьдаг, бичдэг, мөнгө төгрөг төсөвлөдөг, үрдэг зүйлс. Монгол Улс сүүлийн хэдэн жил ингэтлээ доройтоод, хүн ам нь хэтэрхий нэмэгдээд, бүх зүйл нь хүрэлцэхээ больчихсон юм уу гэмээр л тоо баримт.
 
Гэхдээ энэ мэт гамшиг ердөө Улаанбаатар хотод л болж байна. Монгол Улсын хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, сургууль хангалттай хүрэлцэхээр байгаа. За яах вэ, эмнэлгийң асуудал яривал арай өөр байх. Учир нь улс эмнэлгийн салбарыг тэр чигт нь хаячихсан юм чинь. Хаясан гэхэд хаашаа юм бэ дээ, хэдэн эмч нарт нь даатгаад орхичисон. Эмч нар нь болохоор хувьдаа эмнэлэг байгуулаад, хөөрхөн хөлжөөд байж байгаа. Байдал нэг иймэрхүү л байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг улсын хэмжээнд ярьвал хангалттай. Цаана чинь нэг ангид 10 гаруйхан хүүхэд суулгачихаад хичээл зааж байгаа багш зөндөө байна. Хаана гэж үү. Хаа сайгүй гээд хариулчихвал хальтирсан болохгүй биз. 2-3 мянган хүнтэй сум Монголоор дүүрэн байна. Бүр 1000 хүрэхтэй үгүйтэй хүн амтай сум хүртэл байгаа.

Төв аймгийн хэдэн жижиг сумд байна. Сургууль, цэцэрлэгийнх нь байшин эзгүй шахуу л байж байна шүү дээ. Гэтэл бид Улаанбаатартаа бүх хүн амынхаа талыг бөөгнүүлчихээд, юу ч хүрэлцэхгүй байна, нэмж барья гээд суугаад байдаг. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нэг хороо гэхэд хамгийн багадаа 5-6 мянган хүнтэй байна. Цаашлаад 10 гаруй мянган хүнтэй хороо ч байгаа. Монгол Улсын хамгийн томд тооцогдох ганц хоёр сум байдаг. Тэр сумд л 10 гаруй мянган хүн амтай байна шүү дээ. Тэгээд 2-3 сургууль, цэцэрлэгээс авахуулаад бүхий л зүйл байдаг.
 
Харин хотын хороонд бол сургууль, цэцэрлэгийн аль аль нь ч байхгүй. Ийм байхад нэмж барихгүй гээд ч яах юм билээ. Угтаа бол бид алсаа харвал баахан цэцэрлэг, сургуулийн барилга нэмж барихын төлөө хэрэлдээд, хэлэлцээд суухын хажуугаар төвлөрлөө сааруулах ажил хиймээр байна. Тэгэхдээ зоригтойхон шийдвэр гаргачих хэрэгтэй байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс улстөрчид нийслэлийг Хархорин руу нүүлгэх санал санаачлага гарч байсан. Нарийн яривал амлалт юм. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгож яагаад болохгүй гэж. Мэдээж хамаг хүмүүс Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийж, бизнесээ явуулж байгаа болохоор эрх ашиг нь хөндөгдөх гээд байдаг байх. Гэхдээ л бид дорвитой, зоригтой шийдвэр гаргахгүй бол зам дээрээ түгжрээд, утаандаа угаартаад, цэцэрлэг, сургуулийнхаа хэрүүлийг хийж, хүүхдийн эмнэлэг ярьсаар дахиад хэдэн ч жилийг үдэж магадгүй байна. Төвлөрлийг сааруулахгүйгээр энэ бүхний ард гарна гэдэг үлгэрийн далай.
 
Тиймээс дэлхийн олон орны жишгийг дагаад Засгийн газраа л нүүлгэчихье. Засгийн газар ч юу байхав дээ, төрийн ордноо л нүүлгэчих хэрэгтэй байна. Хархоринд төрийн ордон, хэдэн яам, тамгын газрын барилга бариад л гүйцээ. Яахав, төрийн албан хаагчдын хүүхэд сурах, хүмүүжих цэцэрлэг, сургууль ганц хоёрыг л барина биз. Тэгээд л эхний ээлжинд асуудал шийдэгдэнэ. Хотод барих гээд байгаа баахан сургууль, цэцэрлэгийнхээ хэд гурвыг нь тэнд барьчихад болно. Тэгж байтал хүн амаа дагаад аяндаа хөгжөөд, дэвжээд явчихна шүү дээ. Улаанбаатар ч шингэрээд сайхан болно. Асуудал шийдэгдэнэ дээ. Хамгийн гол нь зоригтойхон шийдвэр хэрэгтэй байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Санал болгох

Сэтгэгдэл

top