|

Аудитын газраас баримт мэдээллийг шуурхай хүргүүлэх талаар зөвлөгөө өглөө

bayaraa 2015/01/09 1814 57

Аудитын газраас баримт мэдээллийг шуурхай хүргүүлэх талаар зөвлөгөө өглөө Аймгийн Аудитын газраас төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, нягтлан бодогчдын дунд мэдээлэл хийж, аудит хийхэд шаардлагатай баримт мэдээллийг шуурхай хүргүүлэх талаар зөвлөгөө өглөө. Шинэ оны эхнээс Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлж байгаа энэ үед төрийн байгууллагын санхүү олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн ажилтнуудын ур чадвар өндөр байхыг цаг үе шаардаж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчит газруудын 2013 оны санхүүгийн тайланд аудитын байгууллагууд хяналтаа хийгээд эхэлсэн. Төрийн байгууллагуудын аудит хийлгэхэд шаардлагатай баримт мэдээллээ энэ сарын 10-ны дотор ирүүлэх сүүлийн хугацаа нь юм байна. Өнгөрсөн жил аймгийн ИТХ-аар 2012 оны төрийн байгууллагуудын санхүүгийн тайланг хэлэлцүүлэхэд боловсролын 10 гаруй байгууллага зөрчилтэй буюу хязгаарлалттай дүгнэгдсэн. Нягтлан бодогч нарын мэргэжлийн ур чадвар муу байгаагаас дээрх зөрчил олноор гарсныг аудитын байгууллага дүгнэж, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст дээрх нягтлан бодогчдыг сургалтанд хамруулахыг зөвлөсөн байна.Санхүүгийн аудитын журамд багагүй өөрчлөлт орсныг зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Төрийн аудит хяналт шалгалт хийхээс гадна хувийн аудитын байгууллага төрийн өмчит газруудын санхүүг шалгахаар болсон байна. Манай аймагт "Далай ван аудит”, "Найдвар аудит” гэсэн хоёр хувийн байгууллага төрийн хяналт шалгалтын үүргийг гэрээгээр гүйцэтгэх юм. Мөн санхүүгийн хяналт шалгалтаар хангалттай үнэлгээ жил дараалан авсан байгууллагуудыг шалгалтанд оруулахгүйгээр энэ жил өнжөөж байгаа юм байна.Шилэн дансны хуулиар төрийн байгууллагын 5 сая төгрөгөөс дээших гүйцэтгэлийг ил тод байлгах ёстой. Санхүүгийн зарцуулалт ил тод болсноор манай аймагт мэргэжлийн ур чадвар муугаас хязгаарлалттай дүгнэлт авдаг төрийн байгууллагуудын нягтлан бодогч нарт хариуцлага тооцоход ил тод болох юм. Мөн санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулахад 2015 онд уриалсан Монгол улсын Ерөнхийлөгчийн санхүүгийн хариуцлага, шилэн дансны хууль томоохон өөрчлөлт хийх нь дамжиггүй.

Л.Гэрэл erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top