|

Санхүүжилт өгөхдөө ахмадуудыг талцуулсан гэж үзжээ

namuunaa 2015/09/29 1991 227

Мандалговь хотод болсон "Иргэдийн оролцоо- Хөгжлийн бодлого” олон улсын симпозиумд үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн иргэдийн гарт  "Ахмадуудыг талцуулахаа зогсоо” хэмээх лоозон байсан юм.

Ахмадуудыг талцуулж байна хэмээсэн учир шалтгаан нь аймгийн ИТХ- аар Ахмадын хорооны нэр дээр баталсан 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг бүрэн олголгүй, Ахмадын чөлөөт холбоонд шилжүүлсэн явдал болж байгаа ажээ.

Энэ талаар аймгийн Ахмадын хорооны дарга Г.Цэрэндоржоос тодруулахад, "Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 9.1-д ахмад настны олонхийн эрх ашгийг төлөөлж чадах ахмадын орон нутгийн байгууллагыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн заалт бий. Ахмадын хороо бол анхан шатны нэгжүүдтэй, гишүүнчлэлтэй, 4500 гаруй ахмад настныг эгнээндээ нэгтгэн тэдний эрх ашгийн төлөө 152 ахмадын зөвлөл, 520 идэвхитэн сонгуультантайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага. Тиймээс энэ хуулийн дагуу ИТХ- аар баталсан санхүүжилтыг авахаар хүсэлт, шаардлагыг аймгийн Засаг даргад удаа дараа хүргүүлж байна” гэлээ.

-Нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй юм уу?
-Удаа дараа шаардсаны эцэст өнгөрөгч зургадугаар сард ахмадын хорооны дарга нарын урамшуулалыг хасч, 8.4 сая төгрөгийн санхүүжилт өгсөн.

Долдугаар сард  Ахмадын төрийн бус байгууллагаас сонгож гэрээ байгуулан санхүүжилт олгохоор захирамж гаргаж, Ахмадын чөлөөт холбоог сонгож гэрээ байгуулсан.

Одоо манай байгууллага санхүүжилтгүй болоод байна.

-Ахмадын чөлөөт холбоо, Ахмадын хороо хоёулаа л ахмад настны эрх ашгийн төлөө ажиллах учраас санхүүжилтыг хуваан олгосон хэрэг биш үү?
-Би дээр хэлсэн. Ахмад настны олонхийн эрх ашгийг төлөөлж чадах байгууллагыг санхүүжүүлэх ёстой гэж... Монголын Ахмадын чөлөөт холбооны салбарыг Дундговь аймагт байгуулахдаа Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчиж, хурлын төлөөлөгч, мандатгүйгээр тэргүүнээ шууд томилсон. Энэ байгууллага гишүүнчлэлгүй, анхан шатны бүтэцгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж байгаа ч намын дэргэдэх ахмадын байгууллага. Олонхийг төлөөлж чадахгүй гэж үзэж байгаа.
-Аймгийн Засаг дарга албан ёсны ямар хариуг та бүхэнд өгөв?
-Ямар шалгуураар Ахмадын чөлөөт холбоонд санхүүжилтыг шилжүүлэв гэдэгт бид хариу шаардсан. Энэ асуулт болон урьд өмнөх удаа дараагийн шаардлагын хариу болгож хориод хоногийн өмнө Засаг даргаас анх удаа хариу өгсөн л дөө. Үүнд цөөн хэдэн идэвхитэн сонгуультны цалин урамшуулалд санхүүжилт олгохоос аль болох татгалзана. Ахмадын хорооны жилийн төлөвлөгөөг үндэслэн төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулна гэсэн.

Ахмадын хорооны 2013- 2014 оны санхүүгийн тайланд аудит хийсэн бөгөөд илэрсэн зөрчлүүдийг үндэслэл болгосон. Тухайлбал, ахмадын хорооны даргаар ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгсөн У. Дэлгэрбуянд хөдөлмөрийн хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгосон, томилолтын зардал хэтрүүлсэн, бараа үйлчилгээ худалдан авахад сонгон шалгаруулалт явуулаагүй гэсэн зөрчил байсан. Гэвч санхүүгийн аудитыг наймдугаар сард хийсэн бөгөөд үүнээс өмнө Ахмадын чөлөөт холбоотой гэрээ хийсэн.

montsame.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top