|

Л.Болдбаатар арав дахь удаагаа ард түмэнтэйгээ

bayaraa 2015/01/16 7853 764
Л.Болдбаатар арав дахь удаагаа ард түмэнтэйгээ 	 		 Хоёр мянганы алтан заагт Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн ирж байв. Ингээд

шинэ мянганы алтан босгон дээгүүр өөрийн гэсэн өнгө төрх, авьяас билгээрээ шалгарч үлдсэн цөөн залуучууд дараагийн мянганд үеэ төлөөлөн шалгарч байсан нь саяхан мэт. Гэвч тэр цагаас хойш арван таван жил өнгөрч, шинэ мянганы босгон дээгүүр алхаж орсон авьяас билэгтнүүд өдгөө ард түмэндээ хүндлэгдэж, төрдөө данслагдсан томоохон уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тэдний тэргүүн магнайд өнөөдрийн олон дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн СТА дуучин Лосолын Болдбаатар гэдэгтэй хэн ч санал нийлнэ.

      Аргагүй, ард олны хүсэн хүлээдэг цөөхөн дуучдын нэг бол Л.Болдбаатар яах аргагүй мөн. Тэрээр энэ л ард түмний хүлээлт, хүсэл сэтгэлийн дагуу арав дахь удаагийн бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө хийхээр зэхжээ.

       Тэрээр жил болгоны энэ өдөр хорвоод мэндэлсэн өдрөө ийнхүү ард олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалыг бий болгоод арван оныг үдсэн байна. Аливаа хүн төрсөн өдрөөрөө өөрийгөө бус төрүүлж өсгөсөн ачтан ээжийгээ баярлуулах учиртай хэмээн ярьдаг нь цаанаа учиртай. Гэсэн хэдий ч ээжийгээ бус өөрийгөө баярлуулах нь олонтаа. Тэгвэл Л.Болдбаатар төрсөн өдрөө өөрийг нь урлагийн ертөнцөд өлгийдөж авсан сонсогч түмэнтэйгээ тэмдэглэхийг илүүд үзэх болоод ийнхүү арван он болжээ. Энэ бол хүн ёсны сэтгэл. Нөгөө талаар жинхэнэ уран бүтээлчийн чанар гэхэд болно.  

       Ид дуулах ур чадвар нь жигдэрч яваа Л.Болдбаатарын эгшиглүүлж олонд хүргэсэн уран бүтээлийг энд дурдаад барахгүй биз ээ. "Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, "Бурхан жолооч аав”, "Зүрхний амраг” зэрэг олон дуугаараа сонсогчдын сонорт хүрсэн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл өдгөө ид шуугиан тарьж байгаа "Эр хүн” дууг нэрлэхэд л хангалттай биз ээ.

       Насаар идэр уран бүтээлчийн хувьд арван удаа бие даасан тоглолтоо түмэн олондоо хүргэнэ гэдэг маш их хөдөлмөр, уран бүтээлчийн тэвчээр, чансааг шалгасан ажил гэдгийг энэхүү зовлонг туулж яваа, туулаад гарсан бүхэн мэднэ. Хамгийн гол нь уран бүтээлч хүн тоглолтоос тоглолтын хооронд шинэ бүтээл хийхийг зорьж, түүндээ шатаж шаналж явсаар дараагийн тоглолтын цаг тулсан байдагт хамаг учир оршино. Үүнээс гадна СТА Л.Болдбаатар кино концерт бүтээсэн бөгөөд тун удахгүй цэнхэр дэлгэцээр олны хүртээл болох аж.

      Юутай ч эрхэм дуучны арав дахь удаагийн уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 27-28-ны өдөр Монгол бөхийн өргөөнд утга төгөлдөр болж, дуучин маань төрсөн өдрөө сонсогч түмэнтэйгээ нижгэр тэмдэглэх нь.

С.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

top