|

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН СИБИРИЙН ӨТНҮҮДИЙГ ЭРДЭМТЭД ДАХИН АМЬДРУУЛЖЭЭ

saikhnaa 2018/08/02 696 0

Сибирийн мөнх цэвдэгт олон мянган жилийн өмнө хөлдөж үлдсэн хоёр төрлийн өтийг амжилттай сэргээн амьдруулснаа Оросын хэсэг эрдэмтэд зарлажээ.

42,000 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН СИБИРИЙН ӨТНҮҮДИЙГ ЭРДЭМТЭД ДАХИН АМЬДРУУЛЖЭЭ

Nematode гэж шинжлэх ухаанд нэрлэдэг эдгээр өтнүүдийн нэг нь 32,000, нөгөө нь 42,000 жилийн өмнө манай дэлхийд их мөстөлт болж байх үед хөлдөж хадгалагдсан байна.

Эрдэмтэд тэднийг лабораторид хэдэн долоо хоногийн турш аажмаар гэсгээж, дараа нь Цельсийн 20 хэмийн дулаантай орчинд хоол хүнстэй хамт байрлуулжээ.

Удалгүй өтнүүд хөдөлж, хүнсийг идэж эхэлсэн байна.

Ингэснээр шинжлэх ухааны түүхэнд анх удаа олон эст организм мөнх цэвдэгээс эргэн амьдарсан тохиолдол болж байгаа юм. Туршилтын үр дүн өнгөрсөн тавдугаар сард "Доклады Биологических Наук” сэтгүүлд нийтлэгдэж байсан бол хэдхэн хоногийн өмнө анх удаа олнайн орчинд тарсан байна.

Өмнө нь зарим төрлийн бактер, замаг зэрэг эгэл организмууд олон мянга, бүр хэдэн сая жилийн турш мөнх цэвдэгт үхэлгүй хадгалагдаж үлдсэн тохиолдол бүртгэгдэж байв. Харин Nematode зэрэг нарийн бүтэцтэй амьд биет ингэж чаддагийг эрдэмтэд анх удаа баталжээ.

Өмнө нь 39 жил хөлдөөд эргэн амьдарсан Nematode-ийг хамгийн урт хадгалагдсан тохиолдол гэж үздэг байсныг "Science Alert” сэтгүүлд өгүүлсэн байна.

Өтнүүдийг Сибирийн алслагдсан Якутын бүс нутгаас авч ирсэн гэнэ. Эрдэмтэд нийт 300 гаруй дээжийг шинжлээд хамгийн сайн хадгалагдсан хоёр дээжийг сонгожээ.

Тэдний нэг нь 32,000 жилийн настай, 30 метрийн гүнээс гарсан бол нөгөө нь 42,000 жилийн өмнө хөлдсөн, 3 метрийн гүнээс олдсон байна.

Nematode нь 1 мм-ээс хэтрэхгүй жижиг биетэй өтнүүд юм. Тэд газрын гадаргын километр гаруй гүнд амьдарч чадахаас гадна амьтны гэдэс доторт зохицон амьдарч чаддаг.

Уг судалгааны үр дүн өөр гарагт амьдрал хайдаг астробиологийн салбарт тус нэмэр болно гэж үзэж байгаагаа Оросын эрдэмтдийн баг тайландаа өгүүлжээ.

Эх сурвалж: Business Insider

Санал болгох

Сэтгэгдэл

top