Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамтай уулзаж Стандарт банкны асуудлаар ярилцлаа
- Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст компанийн захирал Ш.Батхүү зээл авч Эрдэнэт үйлдвэрийг их хэмжээний өр төлбөрт оруулаад байгаа. Хэрэгтэй холбоотой хэвлэлээр зөрүүтэй олон мэдээллүүд гарч байна. Энэ асуудлаар танаас зарим зүйлийг тодруулах боломж олгосонд уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Яриагаа маргаан хэзээ эхэлснээс эхэлье.
- Жаст группын захирал Ш.Батхүү нь зээлээ хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор Стандарт банк анх 5 жилийн өмнө буюу 2013 оны 7-р сард Лондонгийн арбитрын шүүхэд хандсан. Тэрнээс өмнө тухайн үеийн удирдлагатай уулзалт хийж нөхцөл байдлыг танилцуулсан байдаг. Анх нэхэмжлэлээр Эрдэнэт үйлдвэрийг Жастын хэд хэдэн зээлд баталгаа гаргасан гэж үзээд хоорондоо холбоотой 130 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий 4 тусдаа нэхэмжлэл гарган хэрэг үүсгүүлсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд арбитрын шүүх хэд хэдэн удаа хуралдаж, хамгийн сүүлд 2016 оны 5-р сард эцсийн шийдвэрээ гаргасан. Ингэхдээ 2 хэргийг нь хүчингүй болгож 2 хэрэгт нь Эрдэнэт үйлдвэр хамаатай бөгөөд Жаст группын төлөх ёстой өр 51 орчим сая ам.долларын үндсэн төлбөрийг Стандарт банканд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Арбитрын шийдвэр 110 гаруй хуудастай урт, нарийн асуудлыг тусгасан байдаг болохоор албажиж гарах гэж 4 сар гаруй болсон. Ингээд 2016 оны 9-р сарын 20-нд Эрдэнэт үйлдвэрт албан ёсоор ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үйлдвэр эрх ашгаа хамгаалах бүх боломжтой арга хэмжээг авч байна.
- Арбитрын шүүх ажиллагаанд үйлдвэрийн гол барьсан байр суурь, тактик юу байв?
- Мэдээж бичиг баримтууд нь хуурамч учир үйлдвэр ямар ч хамаагүй, Жастын өмнөөс төлбөр төлөх ёсгүй гэдэг байр суурийг анх 2013 оноос хойш барьж ирсэн. Харамсалтай нь шүүх ажиллагааны явцад олон нөхцөл байдал, мэдүүлэг, нотлох баримтууд үйлдвэрийн эсрэг байснаар шийдвэр Стандарт банкны талд гарлаа. Гэвч маргаан хараахан дуусаагүй байгаа.
- Шийдвэрээ авсны дараа давж заалдах ажиллагаа эхэлсэн үү? Яг ямар ажил хийсэн бэ?
- Тэгэлгүй яахав. Үйлдвэр шийдвэрийг авсны дараа шууд давж заалдах ажлаа эхэлсэн. 2016 оны 10-р сарын 17-ны өдөр Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд гомдол гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн гомдлыг хүлээж авах эсэх тухай хурал 2017 оны 4-р сарын 27-ны өдөр Лондон хотноо болж, Эрдэнэт үйлдвэр арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд эхний тогтоосон дүн 51 орчим сая ам.долларыг заавал байршуулахыг шаардсан. Мэдээж шүүх өөрийн санаачилгаар ийм шийдвэр гаргаагүй. Стандарт банкны тавьсан хүсэлтийг хангасан юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийг давж заалдах замаар асуудлыг удаашруулахаас сэргийлэх, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зэрэг Английн эрх зүйн тогтолцооны онцлог зохицуулалт.
- Хэрэв 2016 оны 5-р сард гарсан шийдвэр 51 сая ам.доллар төлнө гэж үзсэн юм бол яагаад одоо нийт дүн 100 сая ам.доллар даваад байгаа хэрэг вэ? Мөн Эрдэнэтийн хөрөнгийг арбитраас битүүмжилсэн гэдэг яриа яваад байгаа.
- 2016 оны 5-р сард арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Шүүхийн энэ шийдвэрт үндэслээд Стандарт банкны зүгээс Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү болон шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэхийг Арбитрын шүүх 2017 оны 7-р сарын 27-ны өдөр хэлэлцсэн. Суурь үндсэн төлбөр нь тодорхой учраас хүү, зардлын асуудал харьцангуй богино хугацаанд шийдэгдсэн. Тооцооллын л асуудал байгаа. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс 14.4 сая ам.долларын хуулийн зардал, 26.7 сая ам.долларын үндсэн зээлийн хүү төлүүлэхээр болсон. Үүн дээр нэмээд 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар гэхчлэн нийт 44.3 сая ам.долларыг гаргуулан Стандарт банканд олгохоор шийдвэрлэсэн. Суурь үндсэн төлбөрийн асуудал тойрсон маргаан эцэслэгдсний дараа хүү, торгууль, хуулийн зардлыг шийдэж байгаа юм. Ингэснээр нийт дүн 95.3 сая ам.доллар байсан гэсэн үг. Энэхүү өр төлбөр сар бүр нэг сая ам.доллараар өсч байгаа. Харин өнөөдрийн байдлаар 104 сая ам.доллар болчхоод байна. Хэрвээ бид 51 сая долларыг байршуулж давж заалдсан бол одоо мөнгөө шууд алдах байлаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд маргаан анх 130 гаруй сая долларын үнийн дүнтэй байсныг дурдах хэрэгтэй. Нийт 4 хэрэг байсны 2-ыг нь манай хуулийн баг хүчингүй болгуулж чадсан. Тиймээс, энэ дүн буураад өнөөдөр бид 51 саяын үндсэн төлбөр, хүү, зардал нэмэгдээд 100 гаруй сая долларын асуудал ярьж байна. 2 хэргийг нь хүчингүй болгоогүй бол өнөөдөр 200 гаруй сая доллар яригдахыг үгүйсгэхгүй.
- Хөрөнгө битүүмжилсэн асуудлыг хувьд?
- Стандарт банк нь Арбитрын шийдвэрийг биелүүлэх, үйлдвэрт шахалт үзүүлэх зорилгоор 2017 оны 9-р сард Английн Худалдааны Дээд шүүхэд хандан үйлдвэрийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангасан. Одоо болтол энэ ажиллагаа хийгдэж байгаа.
- Жастын Батхүүд баталгаа гаргах үед Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Мөнхжаргал, Батхүү нар батлан даалтын богино хэлбэрийн гэрээг арбитрт гаргаж өгөөгүйгээс болоод Эрдэнэт үйлдвэр арбитрт ялагдсан гэх мэдээллийг сүүлийн үед өгөөд эхэлсэн. Энэ талаар та тайлбар өгөөч.
- Би таньд баримттай, арбитрын шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс тайлбарыг өгье гэж бодож байна.
Нэн тэргүүнд хэлэх ёстой зүйл бол энэ хоёр хүний мэдүүлэг шүүх хуралдаан дээр ноцтой зөрсөн нь шийдвэрийн 201-205 дахь мөрүүдэд дурдагдсан. Жишээ нь Батхүү богино хэмжээний гэрээг өөрөө бэлдээд шууд зуруулсан гэсэн бол Мөнхжаргал мэдүүлэхдээ Батхүүгийн авчирсан гэрээнд засвар оруулсан гэж мэдүүлсэн. Гэтэл энэ хоёр аль нь ч тийм том хэмжээний Англи хэл дээрх гэрээг засварлах, өөрчлөлт оруулах түвшний мэргэжлийн Англи хэлтэй гэдэг нь тогтоогдоогүй (шийдвэрийн 182 дахь мөр). Мөнхжаргал мэдүүлэгтээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ Стандарт банкны бэлдсэн урт гэрээг ямар нэгэн байдлаар Батхүү, Мөнхжаргал нар зассан бол тэр ажлыг хийсэн албан тушаалтан, гэрээний төсөл, ноорог бичиг баримт, и-мэйл зэрэг ямар ч нотлох баримт үйлдвэрт байгаагүй. Энэ хүмүүс өөрсдөө ч гаргаж өгөөгүй. Сүүлдээ бүр Батхүү нь Мөнхжаргалтай хамтран гэрээг түүний компьютер дээр бэлдсэн гэж ярьсан. Энэ нь арбитрын шийдвэрийн 200-206 дахь мөрүүдэд тэмдэглэгдсэн байгаа.
Цаг хугацааны хувьд гэвэл энэ хоёр хүн болон бусад хүмүүстэй холбоотой эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хохирогчгүй гэх шалтгаанаар түдгэлзсэн байсан. Саяхнаас харин манай үйлдвэрийг албан ёсоор хохирогчоор тогтоосноор хэрэг нь сэргэсэн. Тэгээд л хэвлэлээр идэвхтэй яриад байгаа болов уу.
- Гэхдээ гарын үсэг нь хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон юм биш үү? Яагаад хуурамч байхад үйлдвэр хариуцлага хүлээж байгаа нь ойлгомжгүй байна.
- Арбитрын шүүх дээр гарын үсэг хуурамч эсэх нь чухал бус харин хуурамч бол хэн түүнийг зурсан бэ, анхнаасаа богино гэрээ гэх зүйл байсан уу гэх асуудалд анхаарлаа хандуулсан. Арбитрын шүүхээс тэр богино гэрээ гэдэг зүйлийг маргаан эхэлсний дараа зориудаар бэлдсэн байх магадлалтай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл маргаан гарсны дараа гэсэн үг. Батхүүгийн би бүгдийн хуурамчаар хийсэн гэдэг мэдүүлэг нь яагаад ч нотлогдоогүй. Хуурамч байлаа гэхэд энэ нь үйлдвэрт хамгаалалт болохгүй гэж үзсэн. Хэрвээ таныг огт мэдээгүй байхад таны өмнөөс гарын үсгийг чинь дуурайлгаж зурсан бол тэрийг хуурамч гэж үзэж болно. Харин та өөрөө зөвшөөрч гарын үсгээ өөрийнхөө өмнөөсөө зуруулж байгаа бол түүнийг хуурамч гэж үзэхгүй ээ гэсэн дүгнэлт (шийдвэрийн 136 дахь мөр). Шүүх хуралдааны явцад болон Монголд болж явагдаж байгаа ажиллагаанд Батхүү өөрөө тэр бүх гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж хэлдэг. Гэвч Арбитрын шүүхээс Батхүү бус Эрдэнэтийн ажилтан өөрийн захирлынхаа зөвшөөрлөөр түүний гарын үсгийг зурсан уу гэх асуудал ч яригдсан. Ийм учраас хуурамч гарын үсгийн тухай асуудал Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрт сөрөг аргумент болсон. Түүнээс гадна 2013 онд Стандарт банкны хүмүүс үйлдвэрийн шинэ удирдлага Даваацэрэнтэй уулзахад тэрээр "... ажлаа хүлээж аваад бичиг баримтыг шалгахад үйлдвэр ийм гэрээ байгуулсныг хараад үнэхээр шоконд орсон...” гэж хэлсэн нь анхнаасаа богино хэмжээний гэрээ үйлдвэрт огт байгаагүй бөгөөд сүүлд хуурамчаар бэлтгэн, хуулбарыг нь арбитрын шүүх рүү хүргүүлсэн, улмаар түүнээс хойш анхнаасаа хуурамч гэрээ байсан гэж зүтгэсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн. Үүнийг Арбитрын шийдвэрийн 234 дахь мөрөнд дурдсан байгаа. Яагаад гэвэл энэхүү хэлээд байгаа гэрээ нь 2013 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэрт бус Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсныг тухайн үеийн Улсын мөрдөн байцаах газар хураан авсан байдаг. Үйлдвэрийн байрнаас биш Мөнхжаргалын гэрээс гэдгийг анхаараарай. Богино гэрээ нь зурагдаад 4 жил болоход үйлдвэр яагаад огт мэдээгүй байснаас гадна арбитрын ажиллагаа 2013 онд анх эхлэхэд эх хувиараа бус гэнэт хуулбар нь гарч ирснийг арбитрын шүүхэд Мөнхжаргал, Ганзориг нар ч тайлбарлаж чадаагүй нь үйлдвэрийн эсрэг ашиглагдах ноцтой үйл явдал болсон.
Хэрвээ санхүүгийн хариуцлага угаасаа хүлээхгүй гэсэн гэрээ байсан бол үйлдвэрийн шинэ удирдлага сандрах асуудал байхгүй шүү дээ.
- Тэгэхээр тэр богино гэрээ нь өөрөө бас хуурамч гэсэн үг үү? Та тодорхой тайлбарлаач.
- Арбитрын шүүхээс үзэхдээ Эрдэнэт үйлдвэр анхнаасаа Стандарт банкны бэлдсэн, Жаст группын зээлийг батлан даасан гэрээнд нь гарын үсэг зурсан. Гэвч асуудал хурцдах үед тэр анх зурсан гэрээг устгаад богино хэмжээний гэрээ гэх зүйлийг өмнө нь байсан тамга, гарын үсэгтэй цаасыг ашиглан хийсэн үү гэдэг асуудал яригдсан. Гэхдээ арбитрын шүүх яг болсон үйл баримтыг нотлон тогтоох бус цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, тухайн өрнөсөн нөхцөл байдлаас дүгнэлтээ хийдэг. Энэ бол миний дүгнэлт биш шүүх хурлын явцад яригдсан зүйл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэр Жагт группт санхүүгийн баталгаа гаргах ямар учир шалтгаан, эдийн засгийн болоод бусад шаардлага байв гэдгийг нягтлан үзсэн байгаа. Нэгдүгээрт. Эрдэнэт үйлдвэр нь 2007 онд Жастын авсан 20 сая долларын зээлэнд албан ёсоор ТУЗ-ийн зөвшөөрөлтэй баталгаа гаргасан байдаг. Энэ зээлийнх нь хугацаа 2009 онд дуусч байсан бөгөөд Жаст групп нэмж Стандартаас зээл авах байдлаар тэр зээлээ төлж дуусгахгүй бол өөрөө төлж чадахгүй байсан тухай Стандарт банкнаас тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Жаст групп 2009 онд Стандарт банкнаас нэмж зээл авах нь үйлдвэрт санхүүгийн хувьд ашигтай байсан. Түүнээс гадна хэрвээ Жаст групп 2007 онд үйлдвэрийн баталгаатай авсан зээлээ төлж чадахгүйд хүрвэл үйлдвэр их хэмжээний өрөнд унах асуудал сөхөгдөхийг Батхүү болон Ганзориг аль аль нь мэдэж байсан гэж шүүх үзсэн. Жаст группын 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн баталгаатай авсан зээлийн дуусах хугацаа нь одоо яригдаад байгаа баталгаа гаргасан 2009 онтой яг давхцаж байгаа. Тиймээс үйлдвэр анхнаасаа 2009 онд Батхүүд баталгаа гаргаж өгөх бодитой сонирхол, зайлшгүй шалтгаан байжээ гэж арбитрын шүүхээс үзсэн.
Хоёрдугаарт. Тухайн үеийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага Ганзориг нь 2010 оны 3-р сард Жаст групп-т 27 сая долларын хүүгүй вексэл бичиг өгсөн нь тогтоогдсон. Түүнийг нь Батхүү хэд хэдэн банканд хувааж зарсан. Вексэлийн хугацаа дуусахад Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой болж байгаа юм. 2010 онд Стандарт банкнаас авсан Батхүүгийн зээлийг Эрдэнэт үйлдвэр батлан дааж Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь Эрдэнэт үйлдвэр, тэр тусмаа тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзсэн байдаг. Нэг ёсондоо тухайн үеийн удирдлага өмнө нь хийсэн үйлдлээс шалтгаалсан үйлдвэрийн санхүүгийн асуудлаа Батхүүгийн зээлээр хаасан гэсэн үг. Энэ нөхцөл байдал нь Стандарт банкнаас Батхүүгийн авсан зээл нь Эрдэнэт үйлдвэрт шууд болон шууд бус замаар санхүүгийн үйл ажиллагаанд тус нэмэр болсон байна гэж арбитрын шүүх үзсэн.
Тэгэхээр богино хэмжээний гэрээ анхнаасаа байгаагүй гэдэг аргумент хүчтэй яригдаад байгаагийн шалтгаан энэ. Энэ мэт нөхцөл байдлууд нь Эрдэнэт үйлдвэрийг баталгаа гаргахад хүргэсэн болов уу гэж арбитрын шүүх дүгнэсэн нь шийдвэрийн 170 дахь мөрөнд тусгагдсан.
- Гэхдээ богино гэрээ нь хуурамч бай, жинхэнэ ч бай тэр гэрээний эх хувийг үйлдвэр олж авах талаар ажиллаагүй юу?
- Мэдээж зөндөө ажилласан. Үйлдвэрт хуулийн зөвлөгөө өгч байгаа компани Улсын мөрдөн байцаах газарт хандсан ч нааштай хариу авч чадаагүй. Бид мөн холбогдох хуулийн байгууллагад хандаж богино хэмжээний гэгдэх гэрээг гаргуулан авах талаар удаа дараа ажилласан ч төрийн байгууллагаас гаргаж өгөөгүй. Харин АТГ-аас өөрийн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг гаргаж өгсөн. Бид хуулбарыг арбитрын шүүх рүү явуулсан ч арбитрын шүүхээс богино гэх гэрээ нь анхнаасаа байгаагүй, сүүлд бэлдсэн байж болзошгүй гэдэг өмнөх дүгнэлтээ өөрчлөөгүй. Мөнхжаргал, Батхүү нар хэлэхдээ тэр гэрээг гаргаад өгсөн бол асуудал дуусчих юм яриад байгаа. Гэхдээ эдгээр хүмүүс өөрсдөө энэ нөхцөлд хүргэхэд гар бие оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Ядаж л арбитрын шүүхэд ижил мэдүүлэг өгсөн бол өнөөдрийн энэ хүндрэлтэй байдалд хүрэхгүй л болов уу.
- Та өмнө нь хэлэхдээ мэдүүлэг нь зөрсөн гэж хэлсэн. Өөр бас зөрсөн зүйл байгаа юу?
- Нэлээдгүй байсан. Энэхүү богино хэмжээний гэрээг гарын үсэг зурагдсан өдрөөр бүртгэсэн гэж шүүхэд мэдүүлсэн боловч Арбитрт авагдсан баримтаар гарын үсэг зурснаас хойш сар гаруйн дараа Хуулийн хэлтэст бүртгэсэн нь тогтоогдсон. Мөн Батхүү нь Англи хэл мэдэхгүй мөртлөө Мөнхжаргалтай нийлж Стандартаас бэлдэж өгсөн англи хэл дээрх урт гэрээг богинохон болгосон гэдэг асуудал ярьсан нь өөрөө бас сэжиг төрүүлсэн. Батхүүтэй холбогдох эрүүгийн хэрэг нь арбитрын шүүхийн явцад хохирогч байхгүй гэсэн шалтгаанаар түдгэлзсэн байсан. Одоо ингээд үйлдвэр их хэмжээний өрөнд орсноор энэ хүмүүсийн хэрэг сэргэж, албан ёсны хохирогчтой болж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс хэвлэлээр ташаа мэдээлэл тарааж, үйлдвэр санаатай ялагдлаа гэж өөрсдийн ялаа бусдад наах гэсэн явуургүй арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж яриад байвал асуудал нь намжина гэж бодсон юм байлгүй. Энэ хэрэгт Эрдэнэт үйлдвэр хохирогч гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Үйлдвэр хохирлоо хохирол учруулсан этгээдээр нь бүрэн төлүүлэхийн төлөө ажиллана.
- Дараагийн асуулт Арбитрын шийдвэрийг давж заалдахтай холбоотой. Шүүхээр тогтоогдсон 51 сая ам.долларын өр төлбөрийг шүүхэд байршуулаад давж заалдах боломж байсаар байтал Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд энэ боломжийг ашиглаагүй санаатайгаар давж заалдах боломжийг алдсан гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ?
- Өмнө нь хэлсэнчлэн бас нэг гүтгэлгийн шинжтэй яриа. Гэхдээ би бодит мэдээллийг тайлбарлая. 2016 оны 5-р сард гарсан Английн Арбитрын шүүхийн эцсийн шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр 2016 оны 9-р сарын 20-ны өдөр албан ёсоор хүлээн авсан. Шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах гомдол гаргах зөвшөөрөл хүсч Английн Дээд Шүүхэд шийдвэр хүлээн авснаас хойш гурван долоо хоног буюу яг тогтоосон хугацаанд тайлбараа гаргасан. Гэтэл Английн Дээд Шүүх 2017 оны 5-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар 51 орчим сая ам.долларыг Стандарт банканд учрах зардлын хамт 2017 оны 6-р сарын 16-ны өдрийн дотор буюу сар хүрэхгүй хугацааны дотор шүүхийн дансанд байршуулах нөхцөлт захирамжийг гаргасан. Уг захирамжийг тухайн үед биелүүлэх боломж Эрдэнэт үйлдвэрийн хувьд байгаагүй, мөн тодорхой эрсдэлүүд үүсэхээр байсан. Дараах нөхцөл байдлуудаар эдгээр хүчин зүйлс тогтоогддог. Үүнд нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр нь сар бүр 50-60 сая ам.долларыг эргэлтийн хөрөнгөнд зарцуулж, үүнээсээ нэн түрүүнд ажилтнуудын цалин тавих, улс орон нутгийн татвар төлөх, зэсийн баяжмалаа ачуулах, цахилгааны хэрэглээний төлбөр төлөх, сэлбэг хэрэгслээ худалдаж авах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хийх зэрэг зайлшгүй шаардлагатай учраас тухайн үед 51 сая ам.долларыг шүүхийн дансанд байршуулах боломж огт байгаагүй. Энэ байдал ч тухайн үеийн санхүүгийн баримтаар нотлогдоно. Хоёрдугаарт, Арбитрын шүүхийн дансанд мөнгө байршуулаад давж заалдах шатны шүүхийн шийдвэр үйлдвэрийн эсрэг гарсан тохиолдолд шүүхийн данснаас Стандарт банкны данс руу шууд шилжих эрсдэлтэй. Арбитрын шүүхэд хянагдсан нотлох баримтууд, Батхүү, Мөнхжаргал болон бусад хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүд нь Эрдэнэт үйлдвэрийн эсрэг байсан бөгөөд найдлага тавьж байсан богино хэмжээний гэгдэх гэрээ Эрдэнэт үйлдвэрийн эсрэг гарсан шийдвэрийг няцаах хангалттай нотлох баримт болж чадаагүй. Гуравдугаарт, олон улсын зах зээлээс зээлийн санхүүжилт татан авахад гурваас дээш сарын хугацаа шаардлагатай болдог учраас зээлийн санхүүжилт авах боломжит хугацаа бодитоор байгаагүй юм.
- Энэ асуудлаа тухайн үед үйлдвэрийн ТУЗ, Засгийн газарт мэдэгдсэн үү?
- Мэдээж бид ТУЗ, Засгийн газарт тухай бүр дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлж байсан. Давж заалд гэснээс биш мөнгөө байршуулаад яв гэдэг чиглэл өгөөгүй. Ингээд бид дээрх арбитрын шийдвэрийг давж заалдах гомдлыг "Шүүхээс мөнгөгүй, барьцаа байршуулах боломжгүй этгээдийн эрхээ хамгаалах боломжийг олгоогүй хязгаарласан”, "Санхүүгийн тайлагнал, тооцоолол буруу хийгдсэн байхад арбитрын шүүх нэг талын баримтыг үнэлж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн”, "Шинжээчийн дүгнэлт байсаар байтал шинжээчийн дүгнэлтэд бодитойгоор дүгнэлт хийсэнгүй” гэсэн хэд хэдэн үндэслэлүүдээр гомдол гаргасан. Гомдлыг давж заалдах шатны шүүх тухайн үед шийдвэрлэлгүй 2017 оны 8-р сарын 22-ны өдөр хэргийн материалыг ил болгох, 2016 оны 1-р сараас хойших Эрдэнэт үйлдвэрийн 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх хэлцлийн мэдээллийг гаргуулж авъя гэсэн утга бүхий захирамжийг гаргасан. Хэрвээ бид санхүүгийн болон гэрээний мэдээллийг Стандарт банкинд гаргаж өгсөн бол тэд шийдвэрийг албадан биелүүлэхдээ ашиглаж, тухайн эд хөрөнгө байршиж байгаа газар албадлагын ажиллагаа явуулах томоохон эрсдэл байсан.
- Үйлдвэрийн 49%-ийн хувьцаа эзэмшигчид нөлөөлж арбитрт санаатайгаар ялагдсан гэх мэдээлэл гарсан. Үүнийг та яаж тайлбарлах уу?
- Арбитрын шүүх хуралдаан 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 2 дугаар сар, 5 дугаар саруудад тус тус болж мөн оны 5 дугаар сард шийдвэрээ эцэслэн гаргасан байдаг. Үйлдвэрийн Оросын талд байсан 49%-ийн хувьцааг Монголын Зэс 2016 оны 06 дугаар сарын сүүлээр худалдан авсан. Тийм болохоор 49%-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрт нөлөөлсөн гэдэг нь боломжгүй, үндэслэлгүй юм. Арбитрын шийдвэр маш урт, нарийн түвэгтэй. Мөн олон хууль тогтоомж, хэдэн мянган хуудас нотлох баримт, хэдэн зуун хуудас мэдүүлэг, хурлын протоколыг үндэслэж бичигдсэн. Энэ ч утгаараа албажих нь их хугацаа шаарддаг юм байна лээ. Иймдээ ч арбитрын шүүх албажуулсан шийдвэрээ 4 сарын дараа буюу 2016 оны 09-р сарын 20-ны өдөр талуудад хүргүүлсэн. Ер нь Стандартын өрийг төлье гэдэг саналыг үйлдвэр огт санаачлаагүй, ярьж байгаагүй. Төрийн зүгээс л хүү, төлбөрийг зогсоо, хэлэлцээрт ор гэдэг үүрэг өгсөн. Үйлдвэр өөрөө хохирогч учраас ямагт эрх ашгаа хамгаалах үндсэн зорилготой л ажиллаж байгаа. Английн хуулиар арбитрын шийдвэрийг давж заалдана гэдэг манай Монгол улсад байдаг шиг амархан ойлголт огт биш. Хэрвээ арбитрын шүүх олон жил үргэлжилсэн хуралдааны эцэст нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан бол түүнээс цааш байн байн давж заалдуулах байдлаар хугацаа алдахгүй байхыг хичээдэг. Мөн өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон арбитрийн маргаан болсон нь үйлдвэрийг олон улсын гэрээ, контракт, хүлээсэн үүргээ хүндэтгэж үздэггүй гэх сөрөг ойлголтыг өгсөн. Энэ ч нөлөөлсөн байх.
- Эрдэнэт үйлдвэр хохирогчоор ингээд үлдэх үү. Ер нь Стандарт Банкны маргаантай холбоотой АТГ болон олон улсад хийгдэж байгаа ажиллагааны талаар мэдээлэл өгөөч.
- Эрдэнэт үйлдвэр 2016 оны 11-р сараас 2017 оны 2-р сар хүртэл Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газарт "Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудал нь үйлдэл хийгдсэнээр төгсдөг материаллаг бус бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс эрүүгийн хэргүүдийг сэргээж өгөөч гэдэг хүсэлтийг 4 удаа гаргасан. Мөн арбитрын шийдвэрийн улмаас Эрдэнэт үйлдвэрт бодитой хохирол учрах нөхцөл байдал үүссэн талаар тайлбарласан. Тухайн үед Английн арбитрын шүүхэд ялах магадлал туйлын бага байгаа гэдгийг Тейлор Уэссинг компанийн өгч байгаа дүгнэлт харуулсан. Эдгээр мэдээллийг Ерөнхий захирал, ТУЗ-д өгч ажилласан. Эдгээр ажиллагааны дүнд эрүүгийн хэрэг сэргэж, шалгах ажиллагаа үргэлжилж байна. Бидний зүгээс АТГ-т хандаж, Жаст Групп ХХК-ийн эд хөрөнгийг судлан тогтоож, битүүмжлэх хүсэлт гарган, шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгч ажиллаж байна. Үүний хариуд Мөнхжаргал, Батхүү нар үйлдвэр сайн дураараа ялагдлаа гэдэг зүйлсийг ярьж эхэлсэн болов уу.
- Стандарт банкны өрийг монголын компани худалдаж авсан гэсэн асуудал яригдаад байгаа. Таны зүгээс мэдэж байгаа мэдээлэл байна уу?
- Хэрвээ тийм зүйл болсон бол манайд хамгийн түрүүлж мэдэгдэх ёстой. Өнөөдрийн байдлаар тийм мэдээлэл ирээгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч аль нэг нь хэргээ бусдад шилжүүлж байгаа бол Английн шүүхээс зөвшөөрөл авч, нөгөө талдаа мэдэгдэх хуультай гэдгийг бид тодруулсан. Дахиад албан ёсоор хэлэхэд үйлдвэр Стандартын өрийг төлөх санал огт гаргаагүй.
- Ер нь тийм боломжтой юу?
- Хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн нэхэмжлэлтэй Казакстан улсын Балхашмис компанид холбогдох хэргийг Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-оргилын санаачилгаар Арабын компани руу хямдруулан худалдах байдлаар шилжүүлсэн. Энэ нь тухайн үедээ байхаа 2017 оны 5 сард хэвлэлээр гарсан. Уг нь тэр шилжүүлж авсан компани нь бүх зардлаа хариуцна гэж гэрээ байгуулсан боловч манай талд ажиллаж байсан хуулийн компани одоо болтол үйлдвэрээс ажлын хөлсөө нэхээд асуудал дуусаагүй л байна.
- Цаашдаа үйлдвэр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Нэгэнт ялагдсан учир энэ их өр төлбөрийг заавал төлөх ёстой юу?
- Хэвлэл мэдээллээр үйлдвэр сайн дураараа ялагдсан, олон улсын гэрээгээр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байж болно гэх мэт зүйлс ярьж байгаа нь үндэслэлгүй ташаа мэдээлэл. Бид одоо төлбөр төлөх асуудлыг хойшлуулах, бодогдсон хүү, хуулийн зардлын дүн нь бодитой юу, их гарсан уу гэх мэт асуудлаар маргалдах ажлаа үргэлжлүүлж байгаа. Эцэст нь хэлэхэд Эрдэнэт үйлдвэр батлан даагч буюу Жаст групп мөнгөө төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх ёстой хоёрдогч үүрэг гүйцэтгэгч. Хэрвээ Жаст групп өөрийн хөрөнгөөрөө энэ өрөө төлчихвөл Эрдэнэт үйлдвэрт ямар ч асуудал гарахгүй.
- Жаст групп чинь гэхдээ ямар ч хөрөнгөгүй болсон биз дээ? Яаж хохирлоо төлүүлэх вэ?
- Жаст групп хөрөнгөө бусдад шилжүүлэх байдлаар гадны Стандарт банканд төлбөр төлөхөөс зайлсхийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын хууль тогтоомжийн хүрээнд тийм байдлаар уснаас хуурай гарна гэдэг бүтэхгүй асуудал. Манай хуулийн байгууллага сайн ажиллаж, хууль бусаар хөрөнгөө шилжүүлсэн асуудал байвал тогтоож, үйлдвэрийг хохиролгүй болгоно гэж найдаж байгаа. Энэ ч утгаараа бид дотоодын хуулийн байгууллагыг Жаст групп, түүнд харъяалагдах компаниудын хөрөнгийг олж тогтоох, хууль бусаар бусдад хямд үнээр, эсхүл бүр үнэгүй шилжүүлсэн бол түүнийг нь илрүүлэх хүсэлтийг тавиад ажиллаж байна. Энэ ажил үр дүнтэй болвол үйлдвэр ямар ч өр төлбөрт унахгүйгээс гадна өнгөрсөн хугацаанд энэ асуудалтай холбоотой гарсан зардлаа ч нөхөн төлүүлэх боломжтой. Энэний төлөө ажиллана.
Н.БАЯР