|

Доллар даллах найдвар

tonshuul 2016/12/01 800 0
 

Доллар даллах найдвар

 

Эргэлзээ төрүүлж буй өмнөд хөршийн зээл, итгэл нэмсэн "Стэнд бай”, Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр… Үнэндээ энэ бүгд доллар даллах ганц зорилготой.

Манайд аж үйлдвэр сэргэж, өртөг шингэсэн үйлдвэрлэл тэлж буй нь үнэн. Гэвч унаж буй эдийн засгийг сэвхийтэл босгоход энэ салбарын хүч дутах нь сүүлийн хоёр жилд ажиглагдаж байна. Бидэнд уул уурхайгаас өөр сонголт үлдсэнгүй. Хүссэн, хүсээгүй уул уурхайг л түшиж Монголын эдийн засаг босох нь. Ялангуяа, хайгуул богино хугацаанд хөрөнгө оруулалт татах хамгийн боломжит бөгөөд найдвартай арга гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

Уг нь бодлого тодорхойлогчид үүнийг хэдийнэ мэдсэн. Тиймээс л таван жил зогсоосон хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос олгож эхэлсэн юм. Хууль, эрх зүйн хүрээнд үүнээс ч өмнө шинэчилсэн байдаг. Түүхий эдийн үнэ уруудаж, уул уурхайн орлого хумигдаж эхэлсэн тэр үе. 2014 оны долдугаар сарын 1-нд УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Төд удалгүй хэдхэн хоногийн дараа 28-ны Засгийн газрын хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон юм. Ингэж геологи, хайгуулын салбараар дамжуулан хөрөнгө оруулалт татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх зорилгыг Засгийн газар тээж байлаа.

 Ам.доллар дуудах "хөзрөө” Засгийн газар өнөөг хүртэл дэлгэсэнгүй 

2015 оны нэгдүгээр сард Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн оны эцэс гэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. 2015 онд хайгуулын 2235 тусгай зөвшөөрөл авах хүсэлт иржээ. Үүний 45 хувьд нь зөвшөөрөл олгосныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Энэ нь нийт 13.9 сая га талбайг хамарч буй аж. Ингэснээр энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээд ашиглалт болон хайгуулын нийт 3700 гаруй тусгай зөвшөөрөл байна. Үүний дийлэнх буюу 2140-ийг хайгуул, 1560-ыг ашиглалтын зориулалтаар олгожээ.

Энэ хэрээр хайгуулыг чиглэх мөнгөн урсгал ч эрчимжсэн. Өнгөрсөн онд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажилд нийт 104 тэрбум төгрөг зарцуулсныг албаныхан мэдээлэв. Энэ нь 2013, 2014 оноос өссөн дүн. Хайгуулын "цонх” ийн нээгдсэнээр хувийн хэвшлийн оролцоо идэвхижсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэсэн гэдгийг салбарынхан хэлдэг. Гэвч энэ идэвхжил удсангүй. Жил гаруйн дараа тусгай зөвшөөрөл олголт түр зогслоо. Засгийн газраас дахин сэргээнэ гэж мэдэгдсэн ч өнөөг хүртэл олгож эхлээгүй л байна.

Төгрөгийн ханш үнэгүйдсэн. Ам.доллар Монголын эдийн засагт агаар, ус мэт хэрэгтэй байгаа нь маргашгүй үнэн. Гэвч доллар дуудах "хөзрөө” Засгийн газар өнөөг хүртэл ашигласангүй. Тэгвэл эдийн засгийг хямралаас гаргахаа амалсан Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад хэдэн сарыг үдэж байгаа билээ. Ам асууж, хариулт нэхэх л асуудал.

Өнгөрсөн есдүгээр сард болсон Монголд хөрөнгө оруулагчдын "Discover Mongolia” чуулганаар хайгуулын тусгай зөвшөөрлийг оролцогчид хөндсөн. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нээлттэй болгохоо амалсан юм. Мөн энэ үеэр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтоос үүдсэн зарим асуудлыг хэлэлцсэн.

Тухайлбал, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар олгодог. Зөвшөөрөл авсан компани хайгуулын ажлаа эхлүүлэхтэй зэрэгцээд орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй зөрчил маргаан үүсдэг. Үүнээс үүдэн хайгуулын ажил удаашрах, компани алдагдал хүлээх эрсдэл тулгардаг. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг "мессеж” болдгийг учирлав. Салбарын сайдын зүгээс энэ асуудлыг цэгцлэхээ мэдэгдсэн юм. Гэвч одоогоор ажил хэрэг болоогүй л байна. Энэ талаар албаны хүнээс тайлбар авахаар оролдсон ч нэмэлт мэдээлэл өгсөнгүй.

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр ирэх сараас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг зарлах юм. Ингэхдээ сонгон шалгаруулалтын журмаар явуулахаар төлөвлөжээ. Харин ирэх оны эхний улиралд өргөдлөөр олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг зарлана. Манай улс нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд байгаа. Ийнхүү ирэх сараас тусгай зөвшөөрөл олголт сэргэх нь. Гэвч зөвшөөрөл авсны дараа гардаг үл ойлголцол, зөрчлийг одоогоор огт засаагүй байна.

  • 2015 оны эцэс гэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
  • Өнгөрсөн онд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажилд нийт 104 тэрбум төгрөг зарцуулжээ.
  • Ирэх сараас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг зарлана.

Хайгуулын ажил эрчимжсэнээр богино хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, валютын урсгал нэмэгдүүлдгийг эдийн засагчид онцолдог. Үүгээр зогсохгүй уул уурхайн баталгаат нөөцийг өсгөдөг давуу талтай. Түүнчлэн ханшийн хямрал, хаяанд ирсэн өрийн дарамтыг хазаарлахад хайгуулын салбар онцгой чухал үүрэгтэй болох нь үүнээс харагдана. Хайгуулын салбар нь богино хугацаанд эдийн засгийг сэргээнэ. Хайгуулын ажил амжилт олж, ашиглалт эхэлсэн тохиолдолд дунд болоод урт хугацаанд Монгол Улсын эдийн засгийг үлэмж хэмжээгээр дэмжих боломжтой.

Г.Байгал

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


Санал болгох

Сэтгэгдэл

top