|

Дарангуйлагч нэгээр хасагдлаа буюу Фидель Кастрогийн үхлийн дараах Куба улс

tonshuul 2016/11/28 271 0
 

Дарангуйлагч нэгээр хасагдлаа буюу Фидель Кастрогийн үхлийн дараах Куба улс

 

Кубыг хагас зуун жил удирдсан Фидель Кастро нас барсан тухай мэдээ өнгөрсөн Бямба гаригт буюу хоёр хоногийн өмнө дэлхий даяар тархлаа. 

Хавана хотын "Фабрика де Арте" шөнийн клубт залуучууд Испанийн нэгэн хөгжимчний тоглолтыг сонирхож байв. Гэтэл залуусын утас нэг нэгээр дуугарч, "Фидель Кастро нас барсан гэнээ?" гэсэн үгс дуулдаж эхэллээ. Удалгүй цагдаа нар орж ирж, шөнийн клуб хаалгаа барив. 

Хувьсгалын удирдагчийн үхлийн дараах өглөө Хавана хотод ер бусын чимээ аниргүй эхэллээ. Төрийн далбааг хагас бөхийлгөж, телевиз радиогоор Фидель Кастрогийн амьдрал, хувьсгалын он жилүүдийн талаар л мэдээлнэ. Ахмад дайчид Кастротой хамт Сиерре Маэстрад тулалдаж явсан түүхээ хуучилцгаана. 

Коммунист намын "Гранма" сонин уламжлалт улаан өнгөө түр халж, гашуудлын дан хар өнгөөр нүүрээ "чимжээ".

Ерөнхийлөгч Раул Кастро ахынхаа үхэлд харуусаж, улс даяар есөн өдрийн гашуудал зарлаж, бүх олон нийтийн үйл ажиллагаа, шоуг зогсоохыг мэдэгдлээ. 

Бейсболын хөгжөөн дэмжигчид Ням гаригт төв паркад цугларч, тамирчдын талаар шуугилдаж өнгөрөөдөг уламжлалтай. Харин өчигдөр тэдний хоолойны өнгө өөрчлөгдсөн байлаа. Тэдний нэг Антонио "Бид өнөөдөр бейсболын тухай ярихгүй. Бид энэ улсын эцгийг дурсан санана. Тэр хувьсгал хийсэн. Урьд нь байгаагүй эмнэлэг, сургуулийг тэр л барьсан. Мөн спортыг дээд түвшинд хүргэсэн. 1960-2001 оны хооронд Куба улс 18 удаа дэлхийн бейсболын аварга болсон" гэв. 

Хагас зуун жилийн турш улсаа удирдсан урт сахалт улс төрийн лидер одоо алга. Хөгшчүүд түүнийг 1962 онд болсон Кубын пуужингийн хямралын үед дэлхийн супер хүчит АНУ-ын эсрэг босч чадсаныг ярина. 

Харин залуу кубачуудын хувьд Фидель бол автократ үзэлтэй, эдийн засгийн хөгжлийг хойш нь татаж, аялал жуулчлал, харилцааг хориглож буй зөрүүд хөгшин байлаа. 

Тиймээс хотод өдөртөө гашуудаж байвч шөнөдөө цоглог хэмнэлтэй салса хөгжим эгшиглэсээр. Клубууд үйлчлүүлэгчдэдээ согтууруулах ундааны оронд ундаа, кофегоор үйлчилнэ. 

Ням гаригт бүгд гудамжинд гарч эмгэнэл илэрхийлэв. Гэсэн ч таксинууд үйлчлүүлэгчтэй, дэлгүүрүүд жуулчдад нээлттэй, гаднаасаа бүх зүйл хэвийн харагдаж байлаа. 

Кастрогийн бие муудаж дүүдээ эрх мэдлээ шилжүүлснээс хойш хэдийнэ найман жил өнгөрсөн. Тэгэхээр түүний үхлийг хүмүүс найман жилийн турш ярьж, хүлээж байжээ. 

Хэдий Кастрогийн удирдлагын эхэн үе амжилттай байсан ч сүүлийн жилүүдэд болсон хүнсний хомсдол, АНУ руу хүмүүс бөөнөөр дүрвэж байгаад хүмүүс түүнийг буруутгадаг. 

Кубын ахмад эдийн засагчдын нэг "Тэр гайхалтай улстөрч байсан. Гэхдээ түүний эдийн засаг яг л гамшиг гэсэн үг. Тиймээс түүнийг өнгөрсөнд би гуниглахгүй бас баярлахгүй байна. Тэр настай хүн байсан. Энэ бол байгалийн жам" гэлээ. 

Кастрогийн үхэлд харуусах бас хагартлаа баярлах хүмүүс байна. Миамид хүмүүс Кастрогийн үхлийн талаар сонсоод Бямба гаригаас хойш үдэшлэг зохион байгуулж байгаа гэнэ. Хаванад ч анти-Кастро үзэлтэй эсэргүүцэгчдийн хувийн үдэшлэгүүд болж байгаа гэсэн цуурхал байна. 

Үүнд дургүйцсэн хүмүүс "Хэн ч үхлийг тэмдэглэж болохгүй. Хэдийгээр Жон Кеннеди манай улс руу дайрч байсан ч бид түүний үхлийг тэмдэглээгүй шүү дээ" гэжээ. 

Хүмүүс Хаванагийн кадетрал сүм Кастрогийн үхэлд эмгэнэж, цөөн хэдэн үг хэлэхийг хүлээж байв. Гэсэн ч ромын католик сүм Кастрог эргэн дурсахыг хүссэнгүй бололтой. Учир нь тэдний хувьд Фидель бол шашин шүтэх эрх чөлөөг боомилсон нэгэн. 

"Кубын дарангуйлагч эцэст нь нас барлаа. Гэхдээ одоо ахынхаа орыг залгамжилсан Раул гэдэг нэг хүч үлдсэн". Олон хүн дараа нь юу болох бол гэдэгт анхаарал хандуулж байна. Хэн ч үймээн самуун болохыг хүсэхгүй. Гэхдээ Фидель Кастрогийн үхлийн дараа дүү Раул нь ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа огцорч, удирдлагын шинэ үеийг гаргаж ирэхийг битүүхэн хүсч байна. 

Тэдний нэг нэрээ нууцалсан архитектурч "Кастро өөрийгөө хаан эзэн болгох систем байгуулсан. Урт удаан насалсан хаан нас барлаа. Би зүгээр л энэ орон хаант улс битгий болоосой гэж хүсч байна" гэжээ. 

ЗХУ-ын Владимир Ленин, Хятадын Мао Зедун, Вьетнамын Хо Чи Минийг нас барахад тэдний биеийг занданшуулж, бунхан босгож байсан. Гэсэн ч Фидель Кастро өөрийгөө чандарлуулахыг хүсчээ. Тиймээс түүнийг дурсан санахын тулд хөшөө босгож, ямар нэг гудамжийг түүний нэрээр нэрлэх аж. 

Эх сурвалж: The Guardian


Санал болгох

Сэтгэгдэл

top