|

Байгууллагууд үүргээ биелүүлж, иргэд болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ

bayaraa 2015/01/19 1090 0

 	 Байгууллагууд үүргээ биелүүлж, иргэд болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ 	 		 Жил бүрийн өдийд иргэд гутлын ул, гудамжны цас, мөс, явган хүний зам гурвыг зохицуулж амьдрах гэж хэрэндээ л их

зүдэрдэг. Энэ жил ч бас энэ бүхнийг тэнцүүлэх гэж зовж явна. Өдрийн ихэнхийг өрөөндөө сууж өнгөрөөдөг дарга нарт өвөл ямар санагддаг бол. Өглөөнөөс орой болтол гадуур гүйдэгт нь өвөл яггүй улирал шиг санагдах юм.

Дээрээс нь өнгөт хавтангаар өнгөлсөн энэ гял цал шал өглөө гэрээсээ бүрэн бүтэн, эрүүл саруул гараад явсан хүнийг орой нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү "шилжүүлчихэж'’ мэдэхээр байна. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг ч эмч нар хэлдэг.

Халтиргаа, гулгаанаас болж өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байдаг. Мөн үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Монголын цаг агаартай тохироогүй гулгамтгай хавтан шат тавьж, ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс үүдэн хөлдөж мөстөн, хүмүүс халтирч унаж байгаа.

Нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилт, цас цэвэрлэгээ, орчны хог хаягдал, хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор 2009 онд нийслэлийн ИТХ-аар "Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам"-ыг баталсан. Тэр журам өнөөдрийг хүртэл мөрдөгддөг. Тухайлбал, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хогоо цэвэрлэхгүй, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцална. Мөн аж ахуйн нэгжүүд өөрийнхөө эзэмшил газраас гадна 50 метр нийтийн эзэмшлийн зам талбайн хог, цас тохижилтыг хариуцна гэж заасан байдаг. Түүнчлэн халтиргаа гулгаагаа арилгаагүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна гэж заасан байдаг.

Харин иргэдийн тухайд тухайн байгууллагын гадна унаж бэртсэн гэсэн нотлох баримттай байх хэрэгтэй аж. Эл журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтраад хяналт тавьдаг. Аль аль талдаа хүндрэл чирэгдэл учруулахгүйн тулд байгууллагууд үүргээ биелүүлж, иргэд болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.

А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"

Санал болгох

Сэтгэгдэл

top