|

3 сая дахь иргэн энэ долоо хоногт төрөх магадлалтай

bayaraa 2015/01/19 2044 189

3 сая дахь иргэн энэ долоо хоногт төрөх магадлалтай 2015 он Монголчууд бидний хувьд түүхэн амжилтын жил болж байгаа юм. Учир нь манай улсын хүн амын тоо гурван саяд шилжих юм.

Оны эхэнд Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсын хүн ам шинэ онд 4051-ээр нэмэгдэхэд 3 саяд хүрэхийг дуулгасан.   Манайд өдөрт 218 хүүхэд төрж, 47 хүн таалал төгсдөг гэсэн тоон мэдээ бий. Энэ бүгдийг харгалзвал бид гурван сая дахь иргэнээ энэ сарын 23-24-ний үед өлгийдөж авах магадлалтай ажээ. Сүүлийн жилүүдэд төрөлт өсч байгаа учраас энэ  хугацаа ганц нэг хоногоор наашилж ч мэднэ. Ямартай ч энэ долоо хоног монголчууд бидний хувьд гурван сая дахь иргэнээр "амьсгалах”таатай өдрүүд байх төлөвтэй.

Гурван сая дахь иргэнээр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүрээс нэг нярайг тодруулж, орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах бол мөн өдөр төрсөн бүх хүүхдүүдэд тооны бэлгэдлээр 3 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ долоо хоногийн аль нэг өдөр төрсөн 30 нярай орон сууцны эзэн болж, мөн 200 шахам нярай 3 сая төгрөг хүртэн "баярлах нь”. Энэ сайхан түүхийн гэрч болох эрхэм хувьтай бид ч Монголын маань үрс маш олон болсныг хотлоороо тэмдэглэх цаг айсуй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулах, гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдэд гурван сая төгрөгийн тэтгэмж олгох, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрх олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Манай улс нэг сая дахь иргэн 1962 оны 2 дугаар сард өлгийдөн авч байсан бол 1988 оны 7 дугаар сарын 10-нд хоёр сая дахь иргэн мэндэлсэн байдаг аж. Тэгвэл бүхэл бүтэн 26 жилийн дараа ийнхүү манай улс гурван сая дахь иргэнээ угтах гэж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top