|

Бид арьсаа ингэж эвддэг…өөрийн мэдэлгүйгээр!

tonshuul 2015/09/16 850 0

 

Олон янзын бүтээгдэхүүн хэрэглэхийг гоо сайхандаа хийж буй хөрөнгө оруулалт гэж үзэх, халуун саунд ойрхон орох тусам арьс эрүүлждэг гэж эндүүрэх гээд бидний ихэвчлэн зөв гэж үздэг эсвэл бурууг нь мэдэлгүй хэрэгжүүлдэг "болохгүй” хэв маягуудыг энд жагсаалаа. Чиний тогтмол хийдэг зүйл дунд нь байгаа юм биш биз?
Бид арьсаа ингэж эвддэг…өөрийн мэдэлгүйгээр!
Харин чиний арьсанд тохирдоггүй "Болохгүй” зуршил юу вэ? Гоолингоочуудтайгаа гоо сайхны мэдлэгээ хуваалцаарай.
1. Хэт олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

Өдөр, шөнийн, зовхины тос, серум, гуужуулагч, гелин, хөөсөн цэвэрлэгч, ийлдэс гээд янз янзын бүтээгдэхүүнээр угаалгын өрөө, толины өмнөх шүүгээ чинь дүүрэн байж магадгүй л дээ. Гэхдээ нүүрэндээ нэг дор түрхэж хэт их зүйлсээр ачаалал өгөөд байвал царай гундаж, эрүүл өнгөө алдах аюултай. Тэгээд ч хэчнээн олон төрлийн, ашигтай зүйл түрхсэн ч арьс чинь дөнгөж 50%-ийг нь л өөртөө шингээж авч байгаа. Салангид олон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж хэд хэдэн үйлчилгээг зэрэг үзүүлдэг, өөртөө багтаасныг нь сонгож хэрэглээрэй.
2. Арьс борлуулагч аппарат-Ий!

Наранд шарсан мэт гялалзсан тослоаг арьстай болохын тулд заавал арьс борлуулагч аппаратанд орох шаардлагагүй. Яагаад гэвэл арьс борлуулагч аппаратнаас цацардаг хэт ягаан туяа арьсны хавдрыг үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг болдог юм билээ. "За, үгүй дээ. Би яасан ч хавдартай болохгүй” гэж бодож байсан ч тийшээ зүглээд хэрэггүй шүү. Борлуулагч аппарат арьсыг наснаас нь эрт хөгшрүүлдэг хор уршигтай. Цаг, мөнгөө өөртөө арьсны хавдар үүсгэх зүйлд зарцуулахын оронд борлуулдаг тосыг сонгоорой.
3. Халуун шүршүүрт удаан орох

Ядаргаа тайлах ид шидийг халуун душнээс олж аваад гардаг нь үнэн боловч энэ мөн л арьсыг "алдаг” нэгэн төрлийн муу зуршил мөн. Ялангуяа үсийг хатууруулж, өнгийг нь гундаахаас гадна биеийн арьсыг аймшигтай хуурайшуулдаг. Бүлээхэн усанд орсон ч сэтгэл хангалуун инээмсэглэсээр гарч ирдэг болох зорилгыг өөртөө тавиарай. Ингэхийн тулд шүршүүрт орох бүртээ усныхаа дулаан температурыг бага багаар бууруулахад л хангалттай. Мөн уснаас гарч ирсний дараа бүхэл биендээ заавал чийгшүүлэгч түрхэж байгаарай.
4. Хамгаалалтгүйгээр үсний шүршигч цацах

Яарах, залхуурахтай холбоотой бас нэгэн арьсны хорт зуршил. Чамайг тоох ч гүй үсээ гоё хэвтэй болгохоор шүршиж байх хооронд нүүрний арьсанд чинь хэдэн мянган бичил химийн бодисууд уралдан шингэж байгаа. Хэчнээн яарч байсан ч нүүрэн дээрээ алчуур тавьсны дараа л үсэндээ лак цац. Мөн гел, вакс зэрэг хэлбэрт оруулагч бүх төрлийн бодисыг арьснаасаа холуур хэсэгт л түрхээрэй. Эдгээрийн нэг ширхэг дусал ч нүх сүвийг бөглөж батга үүсэх нөхцөл болдог.
5. Чихэр идэлгүйгээр нэг хоног ч "үл өнжих”

Сахар минь дээ, чиний буруу биш ээ, миний л буруу… санана даа чамайг! Салах хэцүү л байгаа байх, гэхдээ илүүдэл чихэр чиний арьсыг "торлон” байрладаг коллагеныг багасгаж, амархан унжуулдаг. Ханборгоцой, манго зэрэг органик чихрээр хүслээ дараарай.
6. Линзээ шинэчлэхгүй байх

Хараа чинь 3 жилийн өмнөхөөс илүү муудсан гэдэг нь илт мэдэгдээд байхад л тэр үед авсан шилээ зүүсээр байх чинь ч бас арьсанд муу. Мэдээж нүдэнд илүү муу л даа. Гэхдээ өөрийн мэдэлгүй нүдээ онийлгохдоо бид зовхиндоо өөрийн дураар үрчлээ суулгадаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
7. Саунд ойр ойрхон суух

Саунд сууж хороо гадагшлуулах шиг сайхан юм хаа байхав. Гэхдээ долоо хоногт нэгээс хэтрүүлээд хэрэггүй. Сауны халуун уур нь арьсны эластин болон коллагеныг задалж ялзруулдаг. Биеийн арьс чинь тэр чигтээ бусад хүнийхээс илүү амархан унжина гэсэн үг.
8. "Air Condition”-ээр амьсгалах

Зуны гурван сард AC-тэй найзалдаг бол агаарыг сэрүүцүүлэх гэж хичээхийнхээ оронд чийгшүүлэгч тавиарай. Air Condition арьсыг хуурайшуулж, эвдэх магадлалтай.
9. Хөмсөг зулгаагчаа ариутгалгүй хэрэглэх

Хөмсөг зулгаагчийг хэрэглэхээсээ өмнө бактерийн эсрэг савангаар угаахаа бүү мартаж байгаарай. Энэ нь хөмсгөн дотор болон эргэн тойронд нь батга гарахаас сэргийлнэ. Нэмэлт тип: Хөмсгөө зулгаахаасаа өмнө халуун усанд базсан алчуурыг нүднийхээ дээхнэ тавьж нүхнүүдийг нь нээгээд, зулгаасныхаа дараа зуун насттай лосьон түрхэж зөөлрүүлэн, дотогшоо ургах хандлагатай үснүүдийг гаргана.
10. Буруу ор дэрний хэрэглэл сонгох

Нүүрний арьсаа цэвэрхэн, чийглэг байлгахыг хүсвэл дэрээ "гараа гарган” сонгох хэрэгтэй.
-Эрүү, хацар хэсгээр чинь батгашилт үүсээд байна уу? Тэгвэл нийлэг эдээр буюу нейлон, синтетик материалаар хийсэн дэрийг яг одоо орноосоо авч хая. Энэ төрлийн даавуунууд агаарын солилцоо явуулдаггүй учраас чийг ихээр хуримтлуулж, бактер үржих таатай орчин болон хувирдаг. Үргэлж, үргэлж байгалийн гаралтай материалыг л сонго. Хувцас, дотуур хувцсанд ч гэсэн. Суганы эвгүй үнэр, бэлэг эрхтний мөөгөнцөр үүсэх гол шалтгааны нэг нь нийлэг материал юм шүү дээ.

-Хэрэв арьс чинь хэт их хуурайшаад байвал хатуу даавуун материалын оронд торгоор хийгдсэн (нейлоноор биш) сатинан зөөлөн дэрний уут хийгээрэй. Үсийг чинь илүү "дуулгавартай”, арьсыг чинь чийглэг хэвээр нь хадгалах болно.

-Мөн ор дэрний даавуугаа хоёр долоо хоногт нэг солиорой. Биднийг эргэж хөрвөөх хооронд үхэжсэн арьс, хагнууд бүгд доош унан даавуун дотор цугларч эргээд арьсыг бохирдуулдаг.

11. Йогийн матрасаа солихгүй байх

Йогийн ангидаа чи хувийн гудсаа аваачиж хэрэглэдэг байсан ч тэнд чинь тос, хөлс, нянгууд хуримтлагдсан байх магадлал өндөр. Бохир гадаргуу дээр халууцсан арьсаа үрэх нь хэчнээн олон төрлийн муу нөлөөтэйг бид дурдах шаардлагагүй гэж үзэж болох уу? Гудсаа цэвэрлэх юм уу, нүүрээ хүргэж гэж байгаа хэсэгтээ цэвэр алчуур тавьж байгаарай.
12. Ширхэг үсээ ч "ад үзэх”

Нэг ширхэг үс сөрдийж гарсныг хармагцаа халаадаг вакс руугаа ухасхийхээ боль! Ямар ч саадгүй илэгддэг арьсандаа бид хэчнээн сэтгэл ханамжтай байдаг ч ойр ойрхон вакс хэрэглэснээс болоод арьс эмзэгшин, улайлт, биржрүүтэй болж мэднэ. Арьсандаа наад зах нь 3 долоо хоногийн хугацаа олгоорой.

Санал болгох

Сэтгэгдэл

top