|

Төмрийн салбарт анхаарлаа хандуулна

namuunaa 2015/05/27 2421 232

Уул уурхайн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Эрдэнэт хот дахь "Бэрэн групп” ХХК-ийн харьяа "Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор”, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт орших "Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын төмрийн хүдрийн уурхай, "Эрдэс групп” ХХК-ийн "Төмөртэйн гол” төмрийн хүдрийн уурхай, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн харъяа Төмөртэйн хүдрийн уурхай болон тэдний хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.

 

Сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн болон өмнөд хөршийн зах зээл дээр унаж дээрх компаниудын экспортын орлого, санхүү мөнгөний хувьд хүндхэн байдалтай байгаа аж. Цаашдаа төмрийн хүдрийн уурхайнууд нэгдсэн бодлогоор үнээ унагахгүй борлуулалт хийх нь чухал гэнэ. Эрдэс  баялгийн бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

 

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хэвийн үргэлжилж байна

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.

 

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь "үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

 

Улсын төсөвт энэ оны 1 дүгээр сарын 1-нээс энэ сарын 26-ны байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн байна.

 

174 тусгай зөвшөөрлийн давхацжээ

 

"Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулжээ. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байна. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна.

 

Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу АМГ дээр өргөдөл хүлээн авч байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргаад байна. Өргөдөл хүлээн авах хугацаа энэ оны 6 дугаар сарын 17-ноор дуусгавар болно. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар 6 сар үргэлжлэх аж.

 

 

"Богд IV” ба "Онги V”  талбайд "BG Group”-тэй хамтран ажиллана 

 

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын "Богд IV” ба "Онги V” талбай дээр Газрын тосны газартай  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан "Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг "BG Mongolia holdings limited” компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гаргажээ.

 

Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний  үр дүнд Их Британийн "BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. 2015 онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулна. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирсон байна. Ингээд нийт хөрөнгө оруулалт 32,55 сая ам.доллар болох юм.

 

"BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. "BG Group” нь байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 20 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг байна.

 

 Энэ оны эхний 4 сарын байдлаар нүүрс 8.0 сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ.

 

Энэ оны эхний 4 сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус тус экспортлосон байна.

 

Ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна

 

05 дугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна.  

 

Санал болгох

Сэтгэгдэл

top